ОХУ-ын хилээр жижиг тэрэг, том автобус л зорчино гэв
ОХУ-тай харилцан визгүй зорчих болсноор манай улсын иргэд ОХУ руу аялал жуулчлал, худалдаа наймааны чиглэлээр их зорчих болсон. Тэр дундаа анги хамт олноороо хойд хөршийг зорих болсон бөгөөд жижиг оврын микро автобустай зорчих нь их байдаг. Гэтэл 8-аас дээш хүнтэй зорчдог микро автобус, том оврын автобусуудыг ОХУ-ын Тээврийн сайдын бичиг бүхий зөвшөөрлийн бичгээр гаргадаг журам үйлчилдэг аж.
Үүнийг монголчууд цэнхэр бичиг хэмээн нэрлэдэг. Гэтэл цэнхэр бичиг хүрэлцэхгүй болсноос иргэд хилээр гарч чадахгүйд хүрч, улмаар танил талтай хэсэг нь гурав дөрөв хоног хүлээж байж арайхийн хил нэвтэрч байгаа талаар бид мэдээлж байсан билээ.
Тиймээс иргэд аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар- Улаан-Үүд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн тогтмол маршрутын автобус, галт тэргээр эсвэл наймаас доош хүний суудалтай автомашинаар ОХУ руу зорчих боломжтой юм байна. Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичиг олгох хүсэлт тавиад байгаа аж. Оросын талаас хариу ирүүлэх хүртэл байнгын бус зорчигч тээврийн зөвшөөрөл олгохгүй гэнэ.
URL: