Ц.Оюунгэрэл: Ээлжит бус чуулганд улс төрийн зорилго байгааг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдаа дэмжиж ажиллахад нэгдсэн байр суурьт хүрсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ерөнхий сайдыг тогтвортой ажиллуулах талаар санал хураалт явуулж, 100 хувийн саналаар дэмжиж ажиллах шийдвэр гарсан. Харин МАН-ын зургаан сайдын асуудал орж ирвэл хэлэлцэх тухай санал хураалт явагдаагүй. Гэхдээ энэ асуудал ойлголцлын төвшинд хүрсэн гэж болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг үлдэж байгаа хугацаанд тууштай ажиллуулах, үүгээр дамжуулан эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүрэг нь Ерөнхий сайдын хариуцлагад хэвээр үлдэж байгаа гэдгийг онцолж шийдвэр гаргасан.
-МАН УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь хууль бус гэсэн. Харин АН энэ асуудлыг хэн нэгэн гишүүн өргөн бариад цаашид хэлэлцээд явах боломжтой гэж байгаа. Хуульд нийцэхгүй гэх үндэслэл байна уу?
-Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга захирамжаар зарладаг. Хуулийн дагуу захирамжаа гаргаад зарласан. Захирамж гарсны дараа ээлжит бус чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх дарааллыг даргын зөвлөл тогтоодог.
Тэр нь хамтын байгууллага шүү дээ.Даргын зөвлөлөөр эхний ээлжинд Эрүүгийн хууль, Өршөөлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ гэсэн. Эдгээр хуулийг хэлэлцэн дуусгаж байж намрын чуулган улсын төсөв рүү орох юм. Гэтэл өмнө нь хүлээгдсэн, удаан хугацаанд сунжирч хэлэлцэгдсэн том хуулиуд бий.
Эдгээр хуулийг цаг гарган илүү цагаар ажиллаж дуусгах зорилготой ээлжит бус чуулган гэж ойлгож болно. Мэдээж ээлжит бус чуулганы хууль эрхзүйн шинэтгэлийн зорилго нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль байхад бас улс төрийн зорилго байгааг үгүйсгэхгүй. Засгийн газрын сайд нарын асуудал орж ирвэл хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга яриад байгаа. Тэгэхээр хуулийн төсөл өргөн баригдвал хэлэлцэх шаардлагатай. Ирэх жилийнхээ ажлыг цэгцлэх үүднээс Засгийн газар тасралтгүй, хурдан шуурхай ажиллах хэрэгтэй.
Тэр утгаараа энэ яаралтай асуудал мөн. Ээлжит бус чуулган хуулийнхаа хүрээнд хуралдаж байгаа. Зарлах ёстой субьект нь эрх хэмжээнийхээ хүрээнд зарласан. Хэлэлцэх асуудлын жагсаалтад яах аргагүй хүлээгдэж байгаа хуулиудыг оруулсан. УИХ-ын гишүүд илүү цагаар, ээлжит бусаар хуралдахгүй бол намрын чуулганаар хэлэлцэх олон асуудлын тээг болно.
-Гэхдээ ээлжит бус чуулганаар хэлэлцэх онц шаардлагатай хуулиуд биш гэж МАН үзэж байгаа шүү дээ?
-МАН-ыг ойлгож байна. Учир нь намынх нь сайд нарын асуудал ээлжит бус чуулганы үеэр хөндөгдөх магадлалтай учраас улс төрийн дүгнэлт гаргаж байгаа байх. Мэдээж би ч гэсэн манай намын сайд нарын тухай хэлэлцэгдэх гэж байсан бол улс төрийн өнцгөөс л асуудлыг харах байх.
-Засгийн газрын тэргүүн зургаан сайдаа хэрхэх талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа нь асуудлыг зоригтой шийдэж чадахгүй байна гэсэн яриа бий. Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхий сайд танхимын тэргүүн, танхимаа нэг зүгт чиглүүлж ажиллах гэж хичээсэн хүний хувьд хүнд байдалд байгаа гэж бодож байна. Хүн чанарын хувьд өөрийнхөө кабинетийн сайд нарыг ташраар нь өргөн барина гэдэг хүнд даалгавар. Нөгөө талаас улс төрийн албан тушаал гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдын албан тушаал хариуцлагатай байх, бас улс төрийн эрсдэл шаарддаг. Ч.Сайханбилэгт өмнөх Ерөнхий сайдуудад оногдож байгаагүй хүнд, хэцүү эрсдэлтэй даалгавар оногдсон. Үүнийг улстөрчийн хувьд гүйцэтгэх ёстой болох байх. Хүнд байгаагаа ч мэдэгдэл, шаардлага хүргүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрхийлсэн. Гэхдээ улс төр бол улс төр. Улс төрийн шийдвэрийг гаргах үүрэгтэй хүн гаргах л ёстой. Ерөнхий сайд зургаан сайдынхаа асуудлыг оруулж ирэхээс өөр аргагүй.
-Энэ асуудлаас үүдээд Ерөнхий сайд нь намын дарга байх тухай хүртэл хөндөгдөөд эхэллээ. Нам нь төрийн дээр гарлаа гэж үзэх хүн ч байна?
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ дахь олонхийн бүлэг ялангуяа АН-ын бүлгийн гишүүд 100 хувь ингэж саналаа өгөх ёстой гэдэг тулгалтыг хийсэн хэлбэр нь буруу байсан. Яагаад гэвэл энэ маягаар ажиллах нь өөрөө нам нь төрийн дээр гарч байгаа хэлбэр юм. Иймд УИХ дахь олонхийн бүлэг дэх зарим гишүүн эсэргүүцсэн. Ерөнхийлөгч хүртэл байр сууриа илэрхийллээ. Гүйцэтгэх зөвлөл тулган шаардаж болохгүй. Харин тэд зөвлөж болох юм. Үнэхээр шаардмаар байвал Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж шаардах хэрэгтэй гэдэг үүднээс Гүйцэтгэх зөвлөлийн үүрэг даалгаврыг тэр тухайд нь биелүүлэхээс түдгэлзсэн, бараг татгалзсан гэж ойлгож болно. Одоо ээлжит бус чуулганы хүрээнд хэрэв энэ асуудал орж ирвэл Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр биш УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлт, захиалга, шийдвэрээр энэ ажил хийгдэж байна гэж ойлгож болно. УИХ-ын гишүүд энэ асуудлыг хүлээн зөвшөөрсний дараа улс төрийн шийдвэрүүд гарч байгаа, гарах ёстой. Ер нь аливаа намын Гүйцэтгэх зөвлөл нь цаашдаа УИХ дахь намынхаа бүлэгт шууд тулган шаардсан үүрэг өгөх нь зохимжгүй гэдгийг саяын жишээнээс харлаа. Намын удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл нь зөвлөмж чиглэл өгөх эрхтэй байгууллага гэдгийг хаа хаанаа яриад эхэллээ. Ингэж ярина гэдэг зөв. Ардчиллын эрх мэдлийн дэс дарааг зөв эрэмбэнд нь оруулж өгч байгаа гэсэн үг. Харин УИХ, УИХ дахь намын бүлэг, Ерөнхий сайд шийдвэрээ гаргаад явах нь өөр зүйл.
-МАН-ын гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцсонгүй. Байнгын хороодын хуралдаанд ч ирц муутай байна. Энэ хэр хариуцлагатай үйлдэл вэ?
Улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэр гэж харж байгаа. Ямар нэг үл таалагдах зүйлийг нь хэлэлцэх гээд байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлж байна. Гэхдээ цөөхөн ч гэсэн гишүүд чуулганд орж ирээд, чухал саналуудаа хэллээ. Энэ бол хууль эрхзүйн шинэтгэлийн асуудалд тодорхой хэмжээгээр сэтгэлтэй хандаж байгаа хэрэг. Гэхдээ зохион байгуулалттайгаар улс төрийн эсэргүүцлээ илэрхийлж байна.
-Засгийн газрыг тогтвортой байлгахад гишүүн бүр хариуцлагатай хандах амлалтыг АН бүлгийн хурал дээрээ авсан гэх юм?
-Ер нь улс төрийн хариуцлага байх хэрэгтэй. Бид өөрийнхөө намынхаа даргын тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсны дараа ямар ч хариуцлага тооцоогүй. Хэрэв энэ давтагдаж, намынхаа гишүүний тэргүүлж буй Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдыг дахиад огцруулах кноп дарах эсвэл тэр хуралд оролцохгүй гарч явбал улс төрийн хариуцлага тооцох ёстой гэдийг бид ярьж, санал хураасан. Тиймээс улс төрийн алхам хийж, Засгийн газар ялангуяа Ерөнхий сайдыг огцруулах талаар дахин дахин оролдлого хийвэл улс төрийн хариуцлага тооцно гэдгийг ярьсан.
-Тэр хариуцлага нь ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх гэж ойлгож болох уу?
-Улс төрийн хариуцлага тооцож байна гээд цалингаас хасах, намаас хөөх гэх асуудал байхгүй шүү дээ. УИХ-д суугаа улстөрч хүнд тооцох цорын ганц улс төрийн хариуцлага бол дараагийн сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвшүүлэхгүй байх.
-Хоёр нам өмнө нь хамтарч байсан ч амжилттай, ахицтай байсан нь тун цөөхөн. Энэ удаад ч адил үр дүн давтагдах шиг боллоо?
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед МАН АН-тай хамтрахдаа хэтэрхий хайнга хамтарсан гэж хэлмээр байна. Хамтарна гэдэг бол нэлээд сайн хамтрахыг хэлэх ёстой. Дээд шатандаа хамтарсан бол дунд, доод шатандаа хамтрах буюу дүүрэг, аймаг, сумдад хамтарсны үр дүн гарах учиртай. МАН засагт хамтраад сайд нарын суудлаа авсан. Харин бусад шатандаа хамтарсан үйлдлийнхээ эсрэг үйл ажиллагааг хийсэн нь ийм улс төрийн үр дүнд хүргэлээ . Аймаг, сумдад халаа сэлгээ хайр найргүй хийсэн. Тиймээс ч МАН дээрээ хуурамч хамтраад доод шатандаа улс төрийн хоёр өөр тоглолт хийж байгаа шүүмжлэлийг орон нутгаас бидэнд хэлсэн. Мөн хамтарч байгаа үед сонгуулийн компанит ажил хийх хэрэггүй гэдэг сургамжийг энэ удаагийн Засгийн газар харууллаа. Засгийн газар дотроо хамтарсан ч танхимын гадна сөрөг хүчний сурталчилгаа ид явагдаж байсан. Энэ удаад МАН-ын баримталсан тактик нь цөөхөн хэдийгээ хамтруулна. Харин олонхи нь сөрөг хүчин болж балбаж тоглоё гэдэг тактик нь Засгийн газрыг хэврэг байдалд оруулчихлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: