Авто тээврийн үндэсний төвийн салбар болон “Номгон Санчир” ХХК хамтран хууль зөрчжээ

143882294955c2b225752ddАвлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Номгон Санчир” ХХК-тай хамтарч “Олон улсын аюулгүй жолоодлого” сургалтыг зохион байгуулж хууль зөрчиж байна” гэх гомдлын дагуу холбогдох хяналт, шалгалтыг явууллаа.

“Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Номгон Санчир” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд “Гэрээний зорилго нь Автотээврийн тухай хуулийн 9, 19 дүгээр зүйлд заасан тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолооч нарт зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах…”, “сургалтад хамруулах мэргэшсэн жолоочийн нэрс бүхий захиалгыг өгч, түүнд тохирсон сургалтын төлөвлөгөөг хамтран батлах”, “сургалтад хамрагдсан тээвэрлэлт хариуцсан аж ахуйн нэгж, жолооч нарт хамтарсан сертификат олгох” гэж тус тус заасан нь Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэснийг болон Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн сургалтыг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2010 оны 161/229 дугаар тушаалаар баталсан хөтөлбөрийн дагуу явуулаагүй байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас “Номгон Санчир” ХХК-тай гэрээг хууль тогтоомжид нийцүүлэх, үүссэн үр дагаврыг арилгах арга хэмжээг нэн даруй авах, цаашид ийм төрлийн сургалт зохион байгуулахад Автотээврийн тухай хууль, холбогдох хөтөлбөр, журмыг баримтлах талаар “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Н.Пунцагт албан бичиг хүргүүллээ.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих