Авлига авсныг өршөөж болохгүй гэв

olloo_mn_1438822076_uih10

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг Засгийн газраас санаачлан өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Гэвч төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж буцаасан. Энэ удаад уг хуулийн төслийг дахин боловсруулж, хэлэлцэх эсэхийг ярилцаж байгаа юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл байдаг. Тэр утгаараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр гишүүд ч мөн энэ сэдвийг хөндөн ажлын хэсэгт саналаа хэллээ.

С.Дэмбэрэл:

-Энэ хуулийг гарснаас хойш дахиж 10 жилийн хугацаанд хөрөнгөө нуухгүй байхыг хуульчлах ёстой. Гаалийн хуулиудыг бас давхар оруулж ирэхгүй бол тэнд эдийн засгийн харилцааг зохицуулсан олон заалт бий. Гаалиар бараагаа дутуу, буруу мэдүүлж орж ирдэг. Тэр бусармаг үйлдлээ тогтмол давтдаг аж ахуйн нэгж байна. Тухайлбал, 105 мянган аж ахуйн нэгжийн 49 хувийг эзэлж байгаа бөөний худалдаа эрхэлдэг хүмүүс татварт тун бага оролцоотой байна. Татвараа шударгаар төлсөн, нууснаа ил болгосон хүмүүсийг бодсон заалт оруулж ирэх ёстой.

Б.Болорчулуун:

-Тендер авчихаад төр нь мөнгөө өгөхгүй банкны өр зээлд орсон хүмүүс байна. Мөн барилгын салбарт хошуурч байгаад татварын өрөнд орсон нь ч бий. Авлигын эсрэг хуулийг харин энд хамруулахгүй. Авлига авч баяжаад хөрөнгөжсөн хүмүүсийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нэртэйгээр өршөөж болохгүй.

Ц.Оюунбаатар:

-Энэ хуулийг гаргах шаардлага бий. Нийгмийн хүнд үед энэ хуулийг батлах нь зөв байх. Гэвч боловсруулалт муу байна. Шударгаар татвар төлж, төсөв бүрдүүлж ирсэн хүмүүстээ бага ч болов урамшуулал олгох ёстой. 2015 оны жилийн эцсийн татвар авахдаа шударгаар татвар төлсөн компаниудад таван хувийн буцаан олголт өгөх нь зүйтэй байх.

З.Баянсэлэнгэ:

-Энэ хууль батлагдах ёстой. Гэхдээ маргаантай асуудал нь татвараа төлөөгүй хүмүүсийн эрхийг илүү тусгасанд байгаа байх. Асуудал болгоныг олон талаас нь харах ёстой. Харин татвараа төлсөн компаниудад тодорхой урамшуулал өгөх нь зөв. Өнөөдөр ажилчдынхаа цалинг өгөөгүй компаниуд цөөнгүй байна. Цалингаа аваагүй болохоор авсан зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүсийг хар дансанд оруулдаг. Үүнийг анхаараасай гэв.
Уг хуулийн төсөлтэй холбоотой  цөөнгүй зүйл заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх шаардлагатайг гишүүд анхааруулсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Харин УИХ-ын үдээс хойшх хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай дэгээр явуулсан юм.

Зууны мэдээ
Д.Цэцэг

URL:

Сэтгэгдэл бичих