Улаанбуудайн импортын эрэлд

167223-06082015-1438821274-518645051-tariaМонгол Улс энэ жил төлөвлөсөн нийт ургацынхаа 30-40 хувийг алдах эрсдэлд ороод байна. Энэ нь бодитой эрсдэл гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, гурил, буудайн үнийг цаашид өсгөхгүй байх үүднээс арга хэмжээ аваад эхэлжээ. Ургацын балансын дүн мэдээ энэ сарын 15-наас гарч эхэлнэ. Үүний дараа ургацын алдагдал дээрх хэмжээнээс нэмэгдэх, эсэх нь илүү тодорхой болох юм. Зарим тариалан эрхлэгчийн хэлж байгаагаар нийт ургацынхаа 50 орчим хувийг алдах хэмжээнд нөхцөл байдал хүндэрсэн байна. Үлдсэн хугацаанд цаг агаарын байдал хэр тогтуун байхаас ургацын цаашдын төлөв хамаарах гэнэ.

Бидний хувьд дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангаж, зарим жил нь экспортод гаргах тухай хүртэл ярьж байсан нь саяхан. Ийм жилүүдэд гурилын үнэ харьцангуй тогтвортой, буудайн нийлүүлэлт ч сайн байв.

Монгол Улс энэ жил 150 мянган тонн улаан буудай импортлох төлөвтэй

Гол нь чанарын асуудлаас болж салбарынхны дунд маргаан гарах болсон. Одоо ч буудайн цавуулаг тойрсон үл ойлголцол хэвээр бий. Харин энэ жилийн хувьд экспортын талаар мартаж, илүү гарснаа бус, харин дутуугаа импортоор дүүргэх хэрэг гарч байна. Энэ нь их хэмжээгээр буудай импортолно гэсэн үг.

Гурил, тэжээлийн түүхий эд болох буудай өртөг зардлаа даган нэмэгдэж, урьд жилүүдтэй харьцуулахад үнэ нь харьцангуй өндөр тогтох бололтой. Энэ нь та, бидний идэх гурилын үнэд нөлөөлнө гэсэн үг. Тиймээс гурилын үнийг тогтворжуулах арга хэмжээг эхний ээлжид авах юм байна. Тодруулбал, Монгол банктай хамтран “Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг дахин хэрэгжүүлэх яриа өрнөөд эхэлжээ.

Үүнээс гадна хүнсний болон үрийн буудай нөөцлөхөөр 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэх ажлыг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар даалгав.

Жилийн өмнө 438 мянган тонн улаан буудай хураан авахаар зэхэж байсан тариаланчид энэ намар үүнээс 158 мянган тонноор дутууг хураан авах төлөвтэй байна. Энэ жил улаан буудайн хэмжээ төлөвлөсөн хэмжээндээ яагаад ч хүрэхээргүй байгааг салбарынхан тэмдэглэж буй. Улсын хэмжээнд хэдийгээр төлөвлөсөн хэмжээнээс 59 мянган га талбайд илүү тариалсан ч урьдчилсан байдлаар 280 орчим мянган тонныг хураан авах тооцоотой сууна. Үүнээс илүү хэмжээний ургац хураан авах найдлага бараг л алсарсан гэж хэлж буй.

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ, Төв аймагт ургацын байдал нэлээд хүндэрснийг манай сонин газар дээрээс нь сурвалжилж, өмнө нь мэдээлсэн. Тариаланчид нэг га- гаас 4-8 центнер улаан буудайн хураан авах болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад, нэг га-гаас хураах буудайн хэмжээ 3-4 дахин буурсан үзүүлэлт. Манай улсын тариалалтын бүс нутгаар энэ жил ган нүүрлээгүй бол нийт 460 орчим мянган тонн буудай хураахаар байсан. Үүний 30-40 хувийг алдах төлөв одоогийн байдлаар ажиглагдаж буй тул өдий хэмжээний хүнсний улаан буудайн хэрэгцээ үүсээд байна.

Тоймлон хэлбэл, үүнийг импортын буудайгаар орлуулах хэмжээнд асуудал томрох шинжтэй. Энэ жил гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо хангана гэж үзвэл дунджаар 350 мянган тонн улаан буудай шаардлагатай. Энэ нь ойролцоогоор 200-250 мянган тонн гурил бэлтгэх түүхий эд юм. Үүнээс гадна нэмж 150 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлэхээр байна. Ирэх жилийн тариалалтын үр, гурилын хэрэгцээгээ тооцоолж үзэхэд, өнөө жил хэрэгцээт буудайнхаа 50 орчим хувийг гаднаас худалдан авах тооцоог мэргэжилтнүүд дуулгаж байна. Дотоодын хүнсний буудайг төр өөртөө бүгдийг нь худалдаж аваад ч нөөц бүрдүүлэх шаардлага үүснэ.

Энэ намар тариаланчид 280 мянган тонн улаан буудай хураах төлөвтэй

Улаан буудай стратегийн хүнс. Тиймээс бага хэмжээний импортын буудай гаднаас авч зарим жилүүдэд нөөцөө бүрдүүлж ирсэн. Харин энэ жилийн хувьд нийт тариалсан буудайнхаа 40-50 орчим хувьтай тэнцэх хэмжээний буудай импортлох гэж байгаад л асуудал оршино. Энэ хэмжээний импорт хийснээр, гурилын үнэ тогтворжиж, асуудал намжихыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ дотоодын тариалан эрхлэгчдийн хувьд хурааж авах буудайгаа өнгөрсөн жилийнхээс илүү өндөр үнэтэй зарахыг эрмэлзэх нь мэдээж.

Манай улсын дотоодын гурилын хэрэгцээ жилд 250 мянган тонн гэдгийг дээр дурдсан. Дотоодын тариаланчдын хураан авсан буудайг худалдан авч, нөөцөө хангаад ч улсад импортын буудай авах асуудал хэвээр байгаа юм. Одоогоор 60 гаруй мянган тонн гурилын нөөц байгаа боловч энэ нь гурван сарын хэрэгцээг хангана гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамын Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдэгдсэн.

Өнгөрсөн жил улаан буудайн ханш тонн тутамд 500-550 мянган төгрөг байсан. Харин энэ намар нийлүүлэлтийн хомсдолоос үүдэж үнэ өсөх хүлээлттэй. Буудай тонн тутамдаа үнэд орохын хэрээр иргэдэд хүрэх гурилын үнэ ч ялгаагүй кг тутамдаа өснө гэсэн үг. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, эдийн засагт ч хүндрэл дагуулах эрсдэл бий. ОХУ-аас улаан буудай импортлохыг тариалан эрхлэгчид эсэргүүцэж буй. Гэхдээ энэ жилийн хувьд импортын буудайд хэрэгцээнийхээ тодорхой хувийг даатгахаас өөр арга үлдэхгүй нь.

Тариаланчдынхаа улаан буудайг худалдаж авахаас гадна нөөц бүрдүүлэх зорилгоор нэмж 150 мянган тонн буудайг импортоор авах асуудлыг салбарын яам дангаар шийдэхгүй. Гол хүндрэл нь санхүүжилт. Ойролцоогоор 150 мянган тонн буудайг дунджаар нэг тонныг нь 350-400 мянган төгрөгөөр худалдаж авна гэж тооцвол төсөвт дээрх хэмжээний хүнсний буудайг худалдаж авах хөрөнгө суугаагүй. Буудайн импорт болон үнээс гурилын үнэ хамаарна. Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч буудайн импортын хэмжээг нэмэгдүүлж, дундуураа дүүргэж, дутуугаа нөхөх арга л Засгийн газарт үлдэж байна.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих