Түүхий эд ёроолын цэг рүү

167216-06082015-1438819594-2063106540-uurxaiЗэсийн ханш тонн тутамдаа 5176.5 ам.доллартой тэнцсэн нь сүүлийн зургаан жилийн доод түвшин юм.

Өөрийгөө хэрхэн харагдаж байгааг төсөөлөхдөө Холливудын од аятай боддог хүмүүс надаас аваад бий. Тэгтэл бодитоор хэрхэн харагдаж байгааг зэргэлдээ суух нэгэн шууд хэлж чадна. Яг намайг оноод хэлсэн аятай “төсөөлөл, бодит байдал” гэсэн тайлбартай хөгжилтэй зургуудыг Та фейсбүүк хуудаснаас өчнөөн үзсэн болов уу. Ер нь дээрх хоёр ойлголт байнга зөрдөг шүү дээ. Тухайлбал, манай батлагдсан төсвийг эш татаж болно.

ХАНШИЙН ТӨСӨӨЛӨЛ VS. БОДИТ БАЙДАЛ

“Түүхий эдийн ханш зөвхөн энэ жил уруудаад ч байгаа юм биш. Байнга л савлагаатай байдаг шүү дээ. Тиймээс бид тэснэ дээ” гэж уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу зэсийн ханш 6000 ам.доллароос дотогш орох үед манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж билээ.

Тэд хуучин нийгмийн үед ханшийн савлагааг бага мэдэрдэг байсан биз. Харин 1990 он гарсаар зэсийн үнийн савлагаанд өртөөд, сөгдөөд, сэхээд ирсэн хүмүүс ийн хэлэх нь арга ч үгүй биз. Харин 25 жил үнэ савлаж байхад, бидэнд үлдсэн сургамж алга. Өнөөдрийг хүртэл төсөөллийн тоогоор төсөв бичээд, мөнгөтэй юм шиг үүнийгээ үрээд л сууж байна.

Оны эхээр тодотгосон төсвөөс хэдэн тоо эш татаад, төсөөлөл болоод бодит байдлын ялгааг хамтдаа харцгаая. Нэгдүгээрт, өнөөх тодотгосон төсөвт (өдгөө батлагдсан төсөв гэж бичнэ) шаргал металлын ханшийг энэ онд тонн тутамдаа 6354.7 ам.доллартой тэнцэнэ гэж бичсэн байна шүү. Тэгтэл өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид зэсийн ханш тонн тутамдаа 5176.5 ам.доллартой тэнцжээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд тулсныг харуулна.

Тэгвэл дээрх тодотголоос өмнө нэг тонн зэсийг хэдтэй тэнцэнэ гэж “галзуурсан”-ыг эргэн санацгаая. Бид 6970 ам.доллараар тонн зэсээ борлуулна гээд үүнээсээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авахаар төлөвлөж байлаа шүү дээ. Юун Холливуд.

Монгол Улс энэ жил 150 мянган тонн улаан буудай импортлох төлөвтэй

Өдгөө батлагдсан төсвөөс 1178.2, өнгөрсөн оны сүүлчээр төсөөлснөөс 1793.5 ам.доллараар тус бүр хямдарсан дүнгээр тонн зэсийг өчигдрийн байдлаар дэлхийн зах зээлд арилжаалж байна.

Энэ ч гайгүй. Нефтийг баррель тутамд нь 101 ам.доллараар арилжина гэж таамагласан нь дэлхийн зах зээл дэх ханшнаас хоёр дахин бага байгаа юм. Тодруулбал, өчигдрийн байдлаар “Brent” маркийн газрын тос баррель тутамдаа 49.69 ам.доллартай тэнцжээ.

Алтны ханшийн таамаглал ч мөн байгаа оносонгүй. Өдгөө унци алтыг 1085.03 ам.доллараар арилжаалж байгаа нь манай төсөвт бичигдсэн тоон дүнгээс 163.8 ам.доллараар татуу байна.

Харин төмрийн хүдрийг тонн тутамд нь 52-60 ам.доллараар арилжаална гэсэн нь дэлхийн зах зээлийн ханштай дүйсэн ч бодит байдал дээр биднийг ивээсэнгүй.

Тодруулбал, хил дээрээс тонн тутамд нь 40 ам.доллараар арилжаалж байгааг эх сурвалж мэдээлж байна билээ. Энэ мэтчилэнгээр түүхий эдийн ханш бидний төсөөлснөөс огт өөр тоон дүнгээр арилжаалагдсаар…

ТҮҮХИЙН ЭДИЙН ҮНЭ ХААШАА ЧИГЛЭХ ВЭ

“Сүүлийн нэг жилийн хугацаанд газрын тосны ханш хоёр дахин, хөнгөн цагааных 19 хувиар уруудлаа. Ийм үед зэсийн ханшийг унахгүй гэж хэн хэлсэн юм бэ” хэмээн уулга алдсан шинжээчийг Жеймс Саттон гэдэг. Тэрбээр “JP Morgan” компанид багцын хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилладаг. Тус компанийн нийт хөрөнгө оруулалтын 18 хувийг зэсийн уурхайнууд эзэлдэг бол 23 хувь нь уул уурхайн бусад салбарт ногддог гэнэ. Тиймээс ч тэдэнд зэсийн ханшийн савлагаа биднийхтэй адил чухал байдаг аж.

Харин Германы “Commerzbank”-ын шинжээч энэ онд шаргал металлын ханшийг 5000 ам.доллараас дотогш ороход гайхах хэрэггүй гэв. “Noble group”-ийнхэн ч түүхий эдийн ханшийг энэ эрчээрээ унана гэснийг “Wall street journal”-ынхан багцлаад уламжилжээ.

Тэгвэл “Bloomberg”-ийнхэн төмрийн хүдрийн ханшийг өснө гэж харахгүй байгаагаа мэдээлсэн юм. Тухайлбал Шанхайн “Galaxy futures”-ийн шинжээч Гуо Жунвен тус агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дээрх эрдсийн ханш өнөөгийн түвшнээс нэг их өсөхгүй болохыг онцолсон байна.

Учир нь хятадууд энэхүү эрдсийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөөд эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Далянийн түүхий эдийн биржид төмрийн хүдэр борлуулах 32.4 сая гэрээ хийжээ. Энэ нь тавдугаар сард байгуулсан 24.9 сая ширхэг гэрээнээс ч давсан дүн байгаа юм. Уг нь тавдугаар сарын гэрээний тоог сүүлийн хэдэн жилд байгаагүй өсөлт болсон гэнэ. Харин дээрх дүн нь өмнөх оны мөн үеэс гурав дахин их байгаа ажээ.

Төсвөөс 1178.2 ам.доллараар хямдарсан дүнгээр зэсийг арилжиж байна

Өнгөрсөн хавар ч зэсийн үнэ 6000 ам.доллараас дотогш орох үеэр хятадууд мөн л их хэмжээгээр нөөцөлж байсныг сануулъя. Үүнээс гадна тус улсын дотоодын зэс олборлогчдын гарц өсөхийн хэрээр, импортын зэсийн хэмжээ ч саарсаар буй. Дэлхийн зэсийн зах зээл дээр нэгэнт илүүдэл үүссэнийг Чилийн “Codelco” компанийн дэд ерөнхийлөгч Родриго Торо хүлээн зөвшөөрсөн. Энэ мэтээр ярихад, үнэ нэгэнт дээрх 5176.5 ам.доллараас ч дотогш орох нь тодорхой болоод байх шиг. Тэгтэл бид үүнээс 1000 гаруй ам.доллараар өссөн дүнгээр төсөвтөө суулгачхаад, хүлээгээд сууж байгааг яах вэ?

Үүнээс гадна алтаар “дагнана” гэсэн хүсэл ч нуран унаж байгааг шинжээчид баталж байна. Тухайлбал, “Morgan Stanley”-н шинжээч алтны ханшийг унац тутамдаа 800 ам.долларт хүртэл уруудна гэсэн нь бидний хувьд маш том анхаарлын тэмдэг болж буйг хэлмээр санагдана. Учир нь бид алтыг аргадаад, хуулиа шинэчлэн 400 гаруй компанид алтны лиценз олгосон шүү дээ. Ингэснээр энэ онд 29.5 тонн алт экспортолно гэсэн том төлөвлөгөө тавьсан ч ханш нь ийнхүү уулын уруу жирийчихлээ. Ядаж байтал алт ам.доллартой урвуу хамааралтайг ч хэлэх үү. Дэлхийн улс орнуудын Төв банкууд нөөцөө алтаар бүрдүүлдэг учраас ханш нь уруудахын хэрээр ам.долларын ханш чангардаг учиртай. Тэгэхээр 2000 төгрөгт бараг тулсан “ноён ногоон”-ы ханш үүнээс ч өснө гэсэн үг үү?

Энэ мэтээр яривал төсвийн орлого тасрах нь тодорхой. Өдгөө ч 12 хувиар тасарсныг салбарын сайд нь ярьсан. Тэгтэл үүний эсрэг талд урсгал зардал бараг 100 хувь биелж байгаа юм. Энэ нь төсвийн байгууллагын ажилтнууд цалин мөнгөө цагтаа халаасалж байгаагаас харагдана.

Хамгийн гол нь зардлын задаргааг буруутгаад, цалин авахыг муулаагүй. Түүхийн эдийн ханш ийнхүү тартагтаа тулж буй үед хэрхэн, хэдийг, яаж зарахаа тооцох нь чухал гэдгийг л сануулах гэсэн юм.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих