Коби Брайнт Хятадад аялаж байна
Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны Лос Анжелес Лэйкерс багийн од Коби Брайнт Ази тивд аялаж байна. Тэрээр Шанхай хотноо Найк брэндээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцжээ.
Коби Брайнт Мягмар гарагт Шанхай хотод хүүхэд багачуудтай хамт сагсанбөмбөг тоглолоо. НБЭ-ийн 5 удаагийн аварга тэрээр Найк сагсанбөмбөгийн зуны лигээс сонгогдсон хүүхэд багачуудад өөрийн туршлагаасаа хуваалцаж, хичээл заасан юм. Коби жил бүр Хятадад ирдэг. Тэрээр энэ жилийн аялалаа өнгөрсөн Ням гарагт эхлүүлсэн бөгөөд түүнийг олон зуун шүтэн бишрэгчид нь халуун дотноор угтан авсан юм. Өнгөрсөн 5-р сард Лэйкерсийн ерөнхий менежер Митч Купчак Коби Брайнтын ирээдүйн талаар ам наасан. Тэрээр ирэх улирал бол ирээдүйн алдраын танхимын гишүүн Кобигийн НБЭ дэх сүүлийн улирал болно хэмээн хэлж байсан билээ. 17 удаагийн бүх одод хамгаалагч Коби Брайнт сүүлийн жилүүдэд талбайд биш гэмтэл бэртэлтэй тэмцэх болсон. Тэрээр 2012-13 оны улирлын төгсгөлд ахиллесийн шөрмөсөө тасалсан бол дараагийн улирал нь зүүн өвдгөө гэмтээсэн. Харин өнгөрсөн 1-р сард баруун мөрний булчингаа тасалж улирлын үлдсэн тоглолтонд оролцоогүй юм. Тэгвэл Кобигийн Хятад дахь фенүүд өөрсдийн баатартайгаа уулах боломж тохиосонд баяртай байна.
Юн Хаоги Лос Анжелес Лэйкерс багийн хөгжөөн дэмжигч
Өнөөдөр миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Яагаад гэвэл Коби бол сагсанбөмбөгийн од. Би түүнийг 10-аас дээш жил шүтэн биширч байгаа. Тэр бидэнтэй адилхан 80-аад оны залуу. Миний сэтгэл өнөөдөр маш их хөдөллөө.
Жан Юанлин Лос Анжелес Лэйкерс багийн хөгжөөн дэмжигч
Тэр хэвлэл мэдээлэлд өгсөн нэг ярилцлагандаа Түүний ирэх улирлын зорилго бол аварга болох гэсэн байсан. Тэр миний оюун санааны удирдагч. Тэр бүхнийг хийхийн төлөө өөрийн чадах бүхнээ гаргахыг хичээдэг. Лос Анжелес Лэйкерс баг ирэх улирал аварга болж чадна.
Лэйкерс энэ зун чөлөөт агентиний зах зээлээс өөрсдийн хүсч байсан тоглогчдоо авч чадаагүй. Гэхдээ Рой Хиббэрт, Лу Уильямс, Брэндон Басс гэсэн тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Мөн драфтаас Охайо мужийн их сургуулийн холбогч Ди Анжело Расселийг авсан билээ.
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/1973
URL: