Н.Энхбаярын адилаар С.Баяр эрх мэдлээ санагалзан нам дотроо бөмбөг нууж эхэллээ
УИХ-ын даргын сэнтий заларч асан эзэддээ халтай байдаг бололтой. Анхны спикер Р. Гончигдорж гэхэд хэлтэй, хэлгүй нь мэдэгдэхгүй сул гишүүний байр эзэлж яваа бол С. Төмөр-Очир дэд сайд хүртлээ уруудаж өдгөө улс төрөөс холдож. МУИС-ийн ректорын албыг хэл чимээгүйхэн хашиж байна.
Хамгийн сүүлд Д. Лүндээжанцан УИХ дахь намын бүлгийн даргын албанаасаа жийгдлээ. Намдаа лидерүүдийн клубт багтдаг асан түүнийг гэв гэнэт огцрохоор шийдсэнийг намынхаа шинэ удирдлагуудтай үзэл бодлогын хувьд таарамжгүй болсонтой холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа. Ер нь сонгуулийн хууль ямар тогтолцоогоор явахаас үл хамаарч 2012 оны сонгуульд Р. Гончигдорж, Д. Лүндээжанцан, Д. Дэмбэрэл төдийгүй Ц. Нямдоржийг хүртэл нэр дэвших мандат авч чадахгүй байх гэсэн яриа хөөрөө ч сонсогдов. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг тэр бололтой. Сонгуулийн хуулийг санал нэгдэж батлаагүй нөхцөлд хуучнаараа явах нь бараг илэрхий боллоо. Учир нь хугацаа дэндүү бага үлджээ. МАН-ын УИХ дахь бүлгийн аппаратад өөрчлөлт орсон явдал намын удирдах зөвлөлийн багт мөн өөрчлөлт гарахын цондон болов. Парламент дахь намын бүлгийн даргын хувьд Д. Лүндээжанцан удирдах зөвлөлд орсон төдийгүй шинэ дээлтэй намынхаа нарийн бичгийн даргаар сонгогдсон. Гэвч одоо тэрбээр сул гишүүн болчихлоо. МАН-ын Бага хурал хойшлогдсоор. Уг хурлаар МАН-д үлдээд байгаа нэг нарийн бичгийн даргаа нөхөн сонгохоос гадна Д. Лүндээжанцангийн оронд талбих хүнээ сонгоно. Гэхдээ тэр хүн нь бэлэн бөгөөд намын бүлгийн шинэ дарга Ө. Энхтүвшин болох нь тодорхой. Түүнээс гадна Ө. Энхтүвшин УИХ-ын байнгын хорооны даргын албаа мөн өөр хүнд шилжүүлнэ.Өнгөцхөн ажвал МАН-д маш тогтворгүй халгаа сэлгээ гарч эхэлсэн нь тус намын дотроо сүрхий бужигнаж байгааг илэрхийлнэ. Сүүлийн үед дуугаа хураасан генсек У. Хүрэлсүх чимээгүйхэн ажлаа урагшлуулж буйн дохио энэ бололтой.
Намын даргынхаа урдуур гүйж орооод энд ч уулзалт зөвөлгөөн тэнд ч айлчлал хурал хийж гүйгээд байсан түүнд С. Батболд дарга зөөлхөн анхааруулсан сурагтай. С. Батболд дарга “Чиний цаг аяндаа ирнэ. Би ээлжин дээрээ өөрөө ажлаа мэдье, чи битгий миний урдуур сүүтгэнэ” гэж хэлээд авсан гэх юм билээ. Түүгээр ч үл барам Их Тэнгэрт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд ба УИХ дахь МАН-ын бүлгийнхний хамтарсан хурал дээр дарга, цэргийн хооронд бяцханаар тогтохгүй зөрчилдөөн гарсан. Намын дарга С. Батболд маш их нерэвтэж, энэ хүнээс ийм ааш гардаг юмаа гэж гайхаж цочирдохоор ширүүн дориун авирласан гэлцдэг. Зарим дураараа, том толгойтой нөхдөд “Амаа мэдэж бурахгүй бол нам чамаар дутахгүй шүү” гэсэн хандлагыг илэн далангүй ойлгуулаад авсан байна. Үүнээс хойш генсек дуугаа хураачихсан гэнэ. Ерөөсөө МАН-д Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Увс аймгийн гэсэн дөрвөн нөлөө бүхий блок бий болсон. Намын эрх мэдлийн төлөө тулаан С. Батболд, У. Хүрэлсүх, С. Баяр гурвын хооронд нэгэнт эхэлсэн. Харин Дэмбэрэл, Лүндээжанцан нарын акулууд болон залуу гишүүд хэнийгээ дагах эсэхээ шийдэж чадахгүй эргэлзсэн байгаа учраас Батболд “Би намын дарга, Засгийн газрын тэргүүн шүү” гэдгээ хатуухан илэрхийлж байгаагийн нэгэн тод баримт бол намын бүлгийн удирдлагыг гэнэтхэн өөрчилсөн явдал ажээ. МАН-ын дэргэдэх НАЭХ-ны ерөнхийлөгчөөр нам доторх блок бүр өөрийн хүнийг тавих санаатай оролдсон боловч намын даргын эрхээ эдлэж С. Батболд сайд Д. Оюунхорол гишүүнийг сонгуулсан. Энэ байдал намын лидерүүдэд таатай санагдаагүй учир намынхаа даргыг шахсаар байгаад парламент дахь бүлэгт сэлгээ хийх нөхцлийг гаргалаа гэсэн мессеж ч сонсогддог. Энэ бол дөнгөж эхлэл. Гэхдээ энэ нь хурцадмал байдлыг түр намжаах тохиролцоо байж болох талтай. Удахгүй намын бага хурал болно. Тэрэн дээр хоорондын эв түнжингээ хадгалах бодлогын үүднээс ийм халгаа сэлгээ хийсэн байж мэдэх юм. Сонгуулийн өмнө намын дарга нараа соливол МАН-д огт хэрэггүй эрсдэл үүснэ гэдгийг хаа хаанаа сайн мэдэрч байгаа тул эртнээс эрх мэдлийн тэнцвэртэй нөхцөл бүрдүүлэхийг намын доторх нөлөө бүхий блокууд хоорондоо үгсэн наймаалцаж буй нь энэ бололтой юм. чих дэлссэн эх сурвалжаар намын экс дарга С. Баяр УИХ-ын үйл ажиллагаанд оролцоохоосоо илүүтэй нам ба засгийн ажиллагаанд хутгалдан идэвхийлэх нь их болсон гэнэ. Чуулган тараагүй байхад л мань эр хэзээний Хөвсгөл далайн эрэгт очоод шоорт углааштай амарч хэвсэн шиг хор найруулах штаб ажиллуулж буй сураг байгаа юм. Н. Энхбаярын адилаар С. Баяр бас хуучин эрх мэдлээ санагалзаад эхэлсний дохио энэ гэлтэй.
URL: