АН-ын дотоод зөрчил 280 аж ахуйн нэгжийг ”боомилов”
УИХ Засгийн газрынхаа ажлыг гацаагаад гаршчихаж. Өмнө нь Тавантолгойн гэрээг үзэглэдэг дээр нь тээг болж, УИХ дээр шалгана, хэлэлцэнэ хэмээн гацаасан шиг нөхцөл байдал өчигдөр дахин үүсэв. Тодруулбал, эрх баригч намын нэгнийхээ дээр гарах гэсэн увайгүй, хоосон хардлага улсын ажлыг хийсэн ч санхүүжилтээ авч чадалгүй өчнөөн жил болж байгаа 280-аад аж ахуйн нэгжийг боомилох хэмжээнд хүрлээ. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо өчигдөр хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Уг нь энэ асуудал байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ч байгаагүй бөгөөд М.Зоригт гишүүний горимын саналаар “бусад” гэсэн ангилалд оруулан хэлэлцсэнээр ийнхүү цагаа олоогүй шийдвэрийг гаргав. Байнгын хороо ингэж асуудлыг хүчээр татаж шийдвэр гаргаснаар төсвийн 2008-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан ч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ авч чадаагүй өдий хүрсэн 280-аад аж ахуйн нэгжид үндсэндээ садаа болж байна гэсэн үг. Түүнчлэн байнгын хорооноос гаргасан тогтоолоор векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд уг арга хэмжээнүүдэд төсвөөс санхүүжилт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан юм. Төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй байгаа 300-гаад гаруй аж ахуйн нэгжид олгох санхүүжилт ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл тодорхойгүй хугацаагаар гацаж байгаа нь энэ.
Уг нь Сангийн яамнаас вексель гаргахаар болсныг өнгөрсөн долоо хоногт сайд нь мэдээлж, ”Төсвийн хүндрэлтэй байдлаас болоод ажил гүйцэтгэсэн атлаа санхүүжилтээ авч чадаагүй байсан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг вексель бичих замаар шийдэхээр боллоо” хэмээж байсан ч энэ ажил ийнхүү гацлаа. Харин байнгын хорооны шийдвэр салбарын сайд эргэлзэж байгаагаа хэлсэн. Ж.Эрдэнбат сайд энэ талаар хэлэхдээ “Вексель бичүүлэх замаар санхүүжилтээ авахаар болсон аж ахуйн нэгжүүд талархал илэрхийлэх ёстой байтал яагаад гомдол гаргасныг ойлгохгүй байна. Манай яам 280-аад аж ахуйн нэгжид вексель бичихээс 81-нд 95.2 тэрбумын вексель бичсэн байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар нэг ч аж ахуйн нэгжид мөнгө шилжээгүй. Нөгөө талаар векселийг Сангийн яам баталгаажуулдаг болохоос ажил үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд холбогдох яамдад хандаж, вексель бичүүлдэг гэдгийг онцолъё” гэсэн юм. Ямартай ч энэ бүхнээс харахад вексель бичих ажил маш олон талын оролцоотой байтал УИХ хоосон хардлагаар татаж авч, ажлыг гацааж байгаа нь харагдаж байгаа юм. Түүнчлэн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байнгын хорооны хуралдаанд байр сууриа илэрхийлэхдээ “Процедурын хувьд ч, агуулгын хувьд ч энэ асуудал нэг л болохгүй байна. Ядаж ном ёсоор нь явуулахын тулд хэд хоногийн өмнө УИХ- ын гишүүдэд тарааж танилцах боломжоор хангах ёстой. Дахиад хүч түрсэн асуудал болох вий. Өчнөөн аж ахуйн нэгж байгууллага одоо болтол санхүүжилтээ авч чадаагүй. Өнгөрсөн оноос хойш санхүүжилтгүй зогссон аж ахуйн нэгж ч олон байна. Эдийн засаг хаа хаанаа түгжигдчихлээ гээд л байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь вексель юм, векселиэр дамжуулж санхүүжилт хийе гэсэн. Ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагууд ажлаа хийчихсэн, мөнгөө авах тухай яригдаж байгаа үед асуудалд бид гоомой хандаж болохгүй” гэсэн юм. Үнэхээр түүний хэлснээр эдийн засгийн хүндрэлтэй, энэ байдлаас хэрхэн гарах нь тодорхойгүй байгаа энэ үед улсын ажлыг гүйцэтгэхийн тулд арилжааны банкнуудаас багагүй хэмжээний мөнгө зээлсэн ч төсөв хүндрэлтэй гэдэг үндэслэлээр өнөө хүртэл санхүүжилтээ авч чадаагүй аж ахуйн нэгжүүд дахиад хэдэн сар буюу Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг шалгалтаа дуусгаж, дүнгээ гаргах хүртэл банкныхаа зээлд хүлэгдэх нь. Засгийн газраас аль хэдийнэ шийдвэр нь гараад холбогдох 14 яам зөвшөөрөөд Сангийн яам вексель бичих ажлыг эхлүүлсэн байтал Засгийн газрынхаа ажлыг явуулахгүй гэсэн эрх баригч намын хоорондын тэмцэл ир гарснаар “Вексель бичүүлж авах аж ахуйн нэгжүүдээс гомдол гаргасан” гэдэг үл бүтэх шалтгаанаар ийнхүү УИХ руу татаад оруулчихлаа. Гэтэл үнэн хэрэгтээ олон жилийн турш төрөөс санхүүжилтээ авч чадаагүй компаниуд гомдол гаргана гэдэг байж боломжгүй асуудал. Вексель бичүүлж авах 300-гаад аж ахуйн нэгж “Бидний мөнгийг түргэн хугацаанд шийдвэрлэж олгохоор боллоо” гэдэг хачин гомдол гаргаагүй бол шүү дээ.
М.ӨНӨРЖАРГАЛ
URL: