“Би Жи Би Жи” компаний хариуцлага нь барилгын ажлаа эхлүүлэх гэж үү

791nbq3olec5jsuodgmvebsdi1Айдас дагуулсан 16 дугаар байрны оршин суугчид төрөөс дээгүүр эрх мэдэлтэн гэж байдаг юм байна хэмээн амаа барин сууцгааж байна.

 

Ийнхүү өгүүлэхийн учир Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны хажууд “Би Жи Би Жи” компани 18 давхар орон сууц барилга барихаар хэдийн ажлаа эхлүүлжээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрыг зорьв.

 

“Би Жи Би Жи” компани хэдийн ажлаа эхлүүлж, суурин хэсгийн хундамыг цутгасан байгаа харагдав. Ажлыг түргэвчлэхийн тулд гэмээр нэлээд олон хүн тэнд ажиллаж байлаа. Тиймээс барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүсээс зарим нэгэн зүйлийг тодруулах гэсэн боловч “Бид юу ч мэдэхгүй, мэддэг хүмүүс нь байхгүй байна” гэхээс өөр нэг ч үг унагасангүй.

 

Тиймээс 16 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа. Тус байраны оршин суугч Ч.Онгоодой “Төрөөс дээгүүр эрх мэдэлтэн гэж байдаг юм байна. Өнөөдөр мөнгө л бүхнийг шийддэг гэдгийг энэ компани нийгэмд харуулж чадлаа. Үнэхээр аймшигтай юм аа. Бид төр засгийнхаа үгэнд ороод нурах шахсан байрандаа эргэн орсон. Гэтэл эрх мэдэлтэнгүүдийн хэлсэн үг хийж байгаа ажил нь худлаа болохыг биеэрээ мэдээд сууж байна” хэмээн халаглаж суулаа.

 

Харин 16-р байрны оршин суугч Б.Маждаагаас та бүхэнд барилга эхлүүлэх гэж байгаа талаар “Би Жи Би Жи” компани мэдэгдсэн үү хэмээн асуухад “Үгүй ээ  бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Эхнээсээ биднийг байрандаа эргэж ороход энэ газарт барилга барихгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр хэл ам, айдас дагуулан байж иргэдийг хохироосон нөгөө компани нь юу ч болоогүй мэт зүгээр л үйл ажиллагаагаа явуулаад байгаа нь үнэхээр сонин санагдаж байна. Манай улсад ер нь хууль дүрэм, хариуцлага гэх зүйл байдаггүй болжээ” гэв.

 

Үнэндээ ч ийнхүү гомдоллон суух оршин суугчдыг буруутгах аргагүй. Нэг насаараа хурааж хуримтлуулж, өр зээл болж байж авсан байр нь өнөөдөр зах зээлд ямар ч үнэгүй, нэр хүндгүй болоод зогсохгүй өдгөө нар үзэхгүй дээрээ тулаад байна.

 

16 дугаар байрны дэргэд “Би Жи Би Жи” компанийн ноёрхол тогтжээ

 

“Би Жи Би Жи” компани “том толгой” гаргаж, барилгын суурийг хэтрүүлэн ухсанаас 16 дугаар байр нурах шахаж, оршин суугчдыг айдаст автуулан байж нүүлгэн шилжүүлж байсан.

 

Харин сар гауйн хугацаанд зочид буудлуудаар хоног төрүүлж, цөхрөнгөө барсан  оршин суугчдыг гэрт нь эргүүлэн оруулахдаа эрх мэдэлтэнгүүд “16 дугаар байрны хөрсийг хүчитгэсэн,  “Би Жи Би Жи” компанийн барилга барих зөвшөөрөл авсан газарт хүүхдийн тогломын талбай, граж барина” хэмээж байсныг өнөөдөр хэн ч мартаагүй байгаа.

 

Гэтэл дээрх бүгд нь иргэдийн тархийг угааж, “молиго” өмхүүлсэн болох нь хэдийн барилгын ажлаа эхлүүлсэн “Би Жи Би Жи” компанийн үйл ажиллагаанаас харагдаж байна.

 

Д.Оросоо даргын хэлсэн үгнийх нь цуурай намжиж амжаагүй байтал “Би Жи Би Жи” компани ажлаа эхлүүлэв

 

16 дугаар байрны хөрсийг хүчитгэж, оршин суугчдыг гэрт нь эргүүлэн оруулахдаа дүүргийн Засаг дарга Д.Оросоо  “Би жи би жи компанийн барилга барих зөвшөөрлийг цуцлахаар болсон” хэмээн мэдээлж “баатар” болж байсан цаг саяхан.

 

Гэтэл хэлсэн үгнийх нь цуурай намжиж амжаагүй байтал өнөөх “Би жи би жи компанийнхан үйл ажиллагаагаа явуулж барилгаа бариад эхэлчихлээ.

 

Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос ямар учраас тус компани барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн, барилга барих эрхийг нь цуцалсан эсэхийг топдруулахад “Уг нь “Би жи би жи ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Иргэд оршин суугчдын тав тухыг алдагдуулж, багагүй мөнгө хөрөнгө зарцуулж тус компанийн тарьсан балгыг арилгасан. Гэтэл дахиад барилгын ажлаа эхлүүлснийг бид буруу гэж үзэж байгаа. Харин манай зүгээс барилгын үйл ажиллагааг зогсоох эрхзүйн заалт байхгүй болохоор дүүргийн газрын албанаас өнгөрсөн долоо хоногт МХЕГ, АТГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт албан бичиг хүргүүлсэн” хэмээх хариултыг өгөв.

 

Харин Баянгол дүүргийн 14 дугаар хорооны 16 дугаар байрны асуудлаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж байсан.

 

Тус захирамжинд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн “Би Жи Би Жи” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналаа боловсруулж энэ сардаа багтаан танилцуулахыг өмчийн харилцааны газрын Ш.Төмөрбаатарт үүрэг болгосон. Мөн барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагуудад даалгасан билээ.

 

Гэтэл энэхүү захирамж амьдралд хэрэгжээгүй болох нь “Би Жи Би Жи” компани өнөөдөр барилгын ажлаа эхлүүлсэнээс тодхон харагдаж байгаа юм.

 

Ямартай ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр далайлган оршин суугчдыг хохироож буй  “Би Жи Би Жи” компаний үйл ажиллагаанд хяналт тавих ёстой эрх мэдэлтэн албан тушаалтануудад тус компани барилгын үйл ажиллагаагаа хэдийн эхлүүлээд байгааг дахин дуулгая.

 

24tsag.mn Б.Энхжин

 


URL:

Сэтгэгдэл бичих