Аминд ч хүрч мэдэх Хятадын хуурамч хүнсний бүтээгдэхүүнүүд

Манай урд хөрш бараа бүтээгдэхүүний чанарыг дээд доод түвшинд хоёуланд нь тулгаж чаддаг. Үнэхээр чанартай Хятад бараа байдаг ч дайны хажуугаар дажин гэдэг шиг чанаргүй, хулхи бараа байх нь ч элбэг. Үнэндээ нэг тэрбум 300 сая хүнийг хаана юу хийж, үйлдвэрлэж байна гэдгийг хянана гэдэг маш хэцүү. Гэхдээ л Хятадын цагдаа, хүчнийхэн хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг илрүүлж, шийтгэсээр байна. Гэсэн ч хашралгүй улам нууц байдалд үйлдвэрлэсээр.

Бэлэн гоймон

Муудаж ялзарсан үр тарианы хаягдлыг химийн аргаар боловсруулж гоймон хийх тохиолдол Хятад улсад түгээмэл байдаг. Ийм аргаар хийсэн гоймон мэдрэлийн системд аажмаар нөлөөлж, саажуулах нөлөөтэй. 2010 онд Гуандун мужийн Дунгуань хотын 50 үйлдвэрт ийм хуурамч гоймонг хийж байсан бөгөөд тухайн үед орон нутагт түгээхээр бэлтгээд байсан 500 тонн бүтээгдэхүүнийг устгалд оруулж байсан түүхтэй.

Хархаар хийсэн “үхрийн мах”

Хятадад харх үржүүлж, нядалж, махны амт үнэрийг үхэр, хонины махтай адилхан болгож зардаг 900 хүнийг баривчилж байв. Тэдний олонх нь Шанхай, Цянсу-д үйл ажиллагаагаа явуулдаг байсан байна. Тэд ийнхүү махаа хувиргахын тулд янз бүрийн химийн бодис ашиглаж, хонь үхрийнх мэт тарга тэвээрэгтэй болгохын тулд мөн л юу нь мэдэгдэхгүй шингэн бодист тодорхой хугацаагаар байлгадаг гэнэ. 

Цардуул, хаягдлаар хийсэн өндөг 

Өндөг хийх нь бараг л боломжгүй мэт санагдах боловч үнэн хэрэгтээ үгүй ажээ. Өтгөрүүлэгч, цардуул, амт, үнэр оруулдаг химийн бодисууд бага зэрэг хаягдал зэргийг нийлүүлээд л Хятадууд хуурамч өндөг хийдэг. Зарим хувиараа “өндөг хийгч” аж ахуй эрхлэгчдийн өндөгний найрлагад бүр хүнсэнд хэрэглэхийг эрс хориглосон бодис орсон байдаг нь тогтоогдсон байна. Хэдий 2006 онд Хятадын томоохон худалдааны төвүүдээр хуурамч өндөг хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа нь илэрч хуулийн дагуу арга хэмжээ авсан ч хуурамч өндөг үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа бүрэн зогсоогүй. 

Цементен чөмөгтэй хушга 

Хятадад нэг үе хушганы үнэ өсөв. Харин луйварчид энэ мөчлөгийг овжин ашиглан хуурамчаар хушга үйлдвэрлэн маш их ашиг олсон байдаг. Хятад бол төрөл бүрийн самрын эх орон. Хушганы хоосон ясыг эргүүлэн ашиглаж дотор нь цемент, цаас хийж худалдаанд гаргасан, хил давуулан бөөнөөр нь зарсан хэрэг Хятадад гарчээ. Гэхдээ ийм хуурамч хушга одоо ч зах зээл дээр борлуулагдаж байгаа гэсэн мэдээлэл байдаг байна. 

Цаасан шанзтай бууз

Картонон хайрцаг хийдэг хатуу бор цаасыг химийн бодист дэвтээсний дараа гахайн өөх болон амтлагчуудтай хольж, буузны шанз бэлтгэж байгаад газар дээрээ баригдсан хэрэг гарч байв. Энэ талаар иргэд хуулийн байгууллагынханд гомдол гаргасан байна.  

Хуурамч будаа 

Сүүлийн үед сенсааци дэгдээгээд буй хуурамч будааны асуудал бол Хятадад бодит асуудал. Судалгаагаар тэд төмс, чихэрлэг төмс, хуванцар ашиглан хуурамч будаа үйлдвэрлэдэг. Төмсийг будааны хэлбэрт оруулсны дараа хуванцар ашиглан хатууруулдаг ажээ. Тийм учраас 3 аяга хуурамч будаа идэх нь нэг гялгар уут идсэнтэй тэнцдэг гэнэ. 2011 онд Сингапурын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын Шаан Си мужийн Тайюан хотод хуурамч будааны үйлдвэр байгаа талаар анх мэдээлсэн байна. 

Хуурамч дарс 

2012 онд Хонг Конгийн дарсны мэргэжилтэн нэгэн оройн зоогон дээр хуурамч Хятад дарс амталсан талаар гомдол гаргаж шалгуулсан байна. Хуурамч дарс үйлдвэрлэлт Хятадад магадгүй хамгийн их дэлгэрсэн наймаа байж болох юм. Учир нь жинхэнэ дарсыг хуурамч дарснаас амтыг нь ялгаж чадах хүн тэр бүр байдаггүй учраас энэ бизнес гаарсан байх. 


URL:

Сэтгэгдэл бичих