АН-ын ҮЗХ хуралдах шаардлагагүй боллоо
…Нөгөө талаар ҮЗХ хуралдвал “цэргүүдээ” дагуулаад ороод ирэх “Алтангадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг энэ тохироонд нэгджээ гэж ойлгож болно…
Удтал хүлээсэн ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийв. Асуудлын зангилаа болоод байсан АН-ын бүлэг бүтэн таван цаг хуралдаж шийдэлд хүрчээ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдсэнээр МАН-ын зургаан сайдыг чөлөөлнө. Энэ талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуулийн хугацаа нь ирэх баасан гаригт дуусах ажээ.
МАН-д байсан зургаан яамны гурвыг АН авч, гурвыг нь “Шударга ёс” эвсэлд өгөх юм байна. АН-ын хувьд гурван яамандаа “давхар дээл”-тэй сайд томилж, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг өдгөө албан тушаалгүй байгаа намынхаа гишүүдэд өгөхөөр санал нэгджээ.
Ийн шийдсэнээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шаардсанаар ҮЗХ хуралдах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “ҮЗХ намын дүрмийн дагуу хуралдана” гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа.
Мөн сонгууль болтол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хөдөлгөхгүй байхаар тохирчээ. Энэ нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар тохиролцоонд хүрч чадсан гэсэн үг. Нөгөө талаар ҮЗХ хуралдвал “цэргүүдээ” дагуулаад ороод ирэх “Алтангадас” фракцын тэргүүн Н.Алтанхуяг энэ тохироонд нэгджээ гэж ойлгож болно. Энэ тохиолдолд АН өөрт оногдох гурван яамнаасаа “Алтангадас”-т хуваарилж, Л.Гансүх нарын хэргийг ял зэмгүй шийдэж таарна.
Ер нь ҮЗХ хуралдах нь хэн хэнд ашиггүй. Магадгүй Н.Алтанхуягт бүх эрх буцаад очихыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэрээр 2016 оны сонгуулийн өмнө Ерөнхий сайд, намын дарга буцаад албаа авах нь ёс зүйн хувьд боломжгүй.
Харин асуудлыг ингэж аядуу байдлаар шийдсэн нь З.Энхболдын намын даргын суудал, Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайдын сэнтий ирэх сонгуулийн дүн гартал ганхахааргүй болж байгаа юм.
Б.Дамдин-Очир
Зууны мэдээ
URL: