УИХ дахь “сэжигтнүүд”

АТГ-т УИХ-ын долоон гишүүн шалгагдаж буй талаар яригдаж эхэлсэн. Үнэндээ ч эрхэм түшээд хамаг байдгаа шавхан гишүүн болмогцоо улсын үйлдвэрийн газар руу гар хөлөө дүрдэг нь жишиг болчихсон гээд хэлчихэд болно. Эхэндээ Эрдэнэтийг саалийн үнээ болгодог байсан улстөрчид сүүлийн үед улсын үйлдвэрийн бусад газрыг ч том жижиг гэлгүй онилох болсон.

Учир нь, улсын үйлдвэрийн газар гэдэг улстөрчдийн түрийвчээ түнтийлгэдэг түшиц газар нь болчихоод байгаа юм. Тэр ч утгаараа төрийн түшээгийн албыг түрийвчээ түнтийлгэх хэрэгсэл хэмээн андууран сувдаг шунахай сэдлээр улсын емчид халдсан хэмээн АТГ-ын хар дансанд бүртгэгдсэн эрхмүүдийн талаар цувралаар хүргэхээр шийдлээ.

Д.Дамба-Очир гишүүн Багануурын уурхайд гараа дүрэх гэж байна
Одоо тэдэнд бас нэгэн амтат бялуу гарч ирсэн нь “Багануур” хувьцаат компани. Тус уурхайн захирал Д.Дамбапэлжээ тэтгэвэртээ гарах болсон нь улстөрчдийг “үдийн цай”-нд дууджээ. Бүр аман тохироогоор “Багануур”-ын уурхайн дараагийн захирлыг ч томилоод амжсан сураг дуулдах болсон. Энэ удаа хегжим захиалах эрхийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир авсан бололтой юм.

Логик утгаар бодвол улстөрчдийн гар хөл болсон байлаа ч аливаа байгууллагын дарга нь тухайн салбараа мэддэг хүн байх ёстой. Дээр нь нэмээд эрх ашгийн эрэмбэ алдагдсаныг “хүндэтгэж үзвэл” ядаж л ялсан намын хүн улсын байгууллагыг удирдах ёстой. Гэтэл Улаанбаатарыг дулаанаар хангадаг ганц уурхайн даргаар томилуулахаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зүтгүүлж байгаа хүн нь тун ч “холын” нөхөр.

Эх сурвалжийн өгүүлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа АН-ын идэвхтэй гишүүн Мэргэнбаатар гээчийг зүтгүүлж буй бололтой юм билээ. Нүүрсний уурхайн талаар ёстой “а” ч үгүй хүн. Үсрээд л гэр хорооллынхон нүүрсээр гал түлж дулаацдаг ухааны хэмжээний мэдлэгтэй байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Эх сурвалжийн өгүүлснээр эл эрхэм сахилгын хариуцлага хүртэн тушаал буурсан гэж сонсогдсон.

Гэхдээ энэ нь эл хүмүүнийг Багануурын даргаар томилогдоход нэг их саад болохгүй байж ч мэднэ. Ямартай ч Мэргэнбаатарыг томилуулахаар зүтгэж байгаа шалтгаанаа Д.Дамба-Очир гишүүн “энэ уурхайд 39 хувьтай” хэмээн орсон гарсан хүнд тайлбарлаж байгаа дуулдсан. Уг нь “Багануур” ХК улсын үйлдвэрийн газрын 25-хан хувь нь л хувьд байдаг бөгөөд хувь эзэмшигчдийн дотор Д.Дамба-Очир гэсэн нэр л лав харагдаагүй.

Дээр нь нэмээд хэлэхэд улстөрчдийн жил бүр гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгт “Багануур”-ын хувьцааг эзэмшдэг гэсэн үг өгүүлбэр Д.ДамбаОчир гишүүн бичээгүй байсныг хэлэх нь зүйтэй байх. Нэг үгээр бол мань хүн Багануурын хувьцаанаас хувь эзэмшдэг гэсэн нь худлаа болж таараад байгаа юм. Тэгсэн атлаа УИХ-ын ганцхан гишүүн улсын үйлдвэрийн газрын захирлаар өөрийн хүнийг томилуулах ийм эрх мэдэл эдэлж байгааг харахад гайхмаар хэрэг шүү.

Засгийн газар, Еренхий сайд, Терийн өмчийн хороог алгасаад өөрийн халаасны хүнээ томилуулах гэж хүчин зүтгэж, махийн эрмэлзэж байгаагаас нь харахад энэ цаг дор төрийн алба хэр завхарсан болох нь харагдах биз. Хатуухан хэлчихэд Д.Дамба-Очир гишүүнийг хавьтсан ойртсондоо халгаатай гэж хүмүүс хэлдэг. Хамгийн наад зах нь Лүнгийн замыг лүд болгосон гэдгээрээ алдаршсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй л байх.

Энэ мэтчилэн эл эрхмийг тойрсон балаг барагдахгүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Түүнийг өчнөөн тэрбумын тендерийг гэрээлж авчихаад хичнээн жил барьж чадахгүй удсныг монголчууд ам шагширан ярьдаг. Өдгөө тэр, Лүнгийн зам бүрэн эхээрээ ашиглалтанд ороогүй хэсэгчилсэн засвар хийгдэж л байгаа гэдгийг энэ ташрамд хэлчихье. Тиймдээ ч хүмүүс мань эрийг УИХ дахь өөр гурван Очироос нь хулхи хэмээн тодруулдаг.

Эцэст нь тэмдэглэхэд эрдэмтэй, чадалтай инженерүүд мундахгүй олон байсаар байтал хаа байсан “Эрдэнэт”-ээс халаасны хүн авчирч захирлаар томилох гэж байгаа нь хачирхалтай. Эх сурвалжийн өгүүлснээр “Багануур”-ын уурхайнхан үүнийг эсэргүүцэж түр хороо байгуулж буй сураг байгаа.

Хэрвээ энэ маягаар Багануурынхан дотроо бужигнаад, ажил цалгардаад эхэлбэл нийслэлийнхний өвөлжилт хэрхэх бол. Уг нь “Багануур”-ын уурхай улстөрчдийн гараа Дүрж, мөнгө угаах газар биш байлтай. Улаанбаатарыг дулаанаар хангадаг, нэг ёсондоо зүрх нь болсон буянтай газар болохоор ийн хэлж байна л даа.

Нөгөөтэйгүүр Лүнгийн замыг там болгосон Д.Дамба-Очир гишүүний балгаар “Багануур”-ын уурхайд бужигнаан болж, улсын нийслэл хөлдүүс болсон хэн хариуцлагыг хүлээх бол. Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилж буй энэ цаг дор эл сэдэв яах аргагүй амин чухал асуудал биш гэж үү, таминь.

Х.Хүслэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих