Зодоон хийсэн бөхийг яах гэж байна вэ?
Үндэсний бөх гэдэг бол монголчууд бидний ямагт хайрлаж хүндэтгэж явах гайхамшигтай өв соёл шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ нандин өв соёлоо гутаагчид олширчээ. Бөх хүний ёс жудаг гэж хир халдаашгүй зүйл байдаг. Тийм байтал амин хувиа хичээсэн атгаг санаатай бөхөнцрүүд бөхийн дэнжийг бузарлаж байна.
Сая л гэхэд Увс аймгийн 90 жилийн ойгоор тус аймгийн харъяат, улсын арслан Н.Батсуурь зургаагийн даваанд амлаж авсан бөхөө шанаадан дэлсэж унагахаа шахсан төдийгүй улмаар зодох гэж хөөгөөд нутгийнхаа наадмыг ёстой гутааж өглөө шүү дээ. Тэнд наадам төдийгүй бөхийн баяр хийж байсан цаг.
Энэ явдлын тухай нуршаад яахав. Нэгэнт цэнхэр дэлгэцээр монгол даяараа үзсэн юм чинь. Хүмүүс ер нь дэндүү танхай явдал гэж харж байгаа. Иймээс бөхийн дүрмээ бид чанд сахьдаг гэдэг Монголын Үндэсний бөхийн холбооныхон ямар арга хэмжээ авах бол гэж олон түмэн харж байна.
Цаг алдах ч хэрэггүй юм. Үйлдсэн хэрэг тодорхойн учир Н.Батсуурийг хоёр жилээс доошгүй хугацаагаар барилдах эрхийг хасвал таарна. Урьдынх шигээ зарим бөхөд оноосон зургаан сараар гэвэл хоёрын хооронд “танхайрч байх чинь зөв” гэсэн мэт толгойг нь илсэн явдал болно.
Бас найраа гэж юу байдгийг Увсынхан харуулав даа. Н.Батсуурьт зодуулсан улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлэх од нь гийсэн байлаа. Түүнийг үзүүр, түрүүнд улсын харцага Ө.Бат-Оршихтой үлдэх үед найраадаж байж нутгийн бөх түрүүлсэн нэр зүүв.
Б.Пүрэвсайхан тавын даваанд улсын начин С.Батсуурийг, зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурийг, долоод улсын аварга С.Мөнхбатыг хаяад Ө.Бат-Оршихтой үлдсэн л дээ. Тэгээд найрааны хүчинд зүгээр л хүүхэд шиг өнхөрч өгнөлээ. Ер нь заавал нутгийн бөх түрүүлэх ёстой юм гэж үү?
Иргэн Н.Лувсанбаяр
URL: