Улс төрд улаанбуудай дутаж гэнэ

20150731014859Сүүлийн үед зарим тариалан эрхэлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл “Ургацын 80 хувийг алдана” гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан. Анх Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс “Энэ зун нийт нутгаар гантай болон гандуу байгаа учраас тариалангийн бүс нутгууд ургацынхаа 50-60 хувийг алдаж болзошгүй” гэсэн албан ёсны дүгнэлт гаргаж байсан юм. Гэтэл энэ тоог тариаланчид эхлээд 70, тэгээд 80 хувь болгосон нь олон нийтэд “Гурилын үнэ нэмэгдэнэ шүү” гэсэн мессеж болон очсон билээ. Гэхдээ нөхцөл байдал хэн хэнийх нь төсөөлснөөс арай хурдан өрнөчихөв. Гурил үйлдвэрлэгчид, наймаачид энэ сургаар л гурилын үнийг кг тутамд нь 80-100 төгрөгөөр нэмлээ.

Уг нь ХХААЯ-ны нэн тэргүүний зорилго хүн амаа аюулгүй хүнсээр хангах, ялангуяа стратегийн хүнс буюу гурил, махны хэрэгцээг бүрэн хангаж, үнийг тодорхой төвшинд байлгах юм. Засгийн газар ч энэ асуудлыг онцгой анхаарч, дотоодын гурил үйлдвэрлэгчдийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамруулж, үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл өгсөн. Хариуд нь үйлдвэрийн эзэд энэ намрыг дуустал гурилынхаа үнийг өсгөхгүй байх үүргийг хүлээжээ. Харамсалтай нь өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ. “Баянзүрх” зах дээр гурил, будаа зардаг наймаачид ОХУ-аас импортолдог “Цесна” гурилын үнийг 1800 гэж тавьжээ. Харин бусад гурилын үнийг тавиагүй байв. Энэ талаар худалдагчаас тодруулахад “Дотоодын үйлдвэрүүдийн гурилын үнэ кг тутамдаа 80-100 төгрөгөөр нэмэгдсэн” гэж тайлбарлалаа. Яг ямар гурил нь хэдэн төгрөгөөр нэмэгдсэн юм бэ, хэн нэмчихэв гэсэн асуултад “Үйлдвэрийн үнэ нэмэгдсэн”, “Чи яг ямар гурил авах юм” гэсэн хариулт өгч сууна. Ингээд “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” компанийн маркетингийн албаны хүмүүстэй утсаар холбогдоход хэдэн менежерүүд нь бие биеийнхээ дугаарыг хэлж өгөөд “Наад утаснаасаа асуу” гэж “даапаалцгааж” байна. Үүнтэй зэрэгцээд цахим ертөнцөд “Анх “Алтан тариа” гурилынхаа үнийг кг тутамд нь 90 төгрөгөөр нэмсэн гэсэн шүү” гэдэг “бор шувуу” ч нисээд өнгөрөв.

Хэрэглэгчид “Монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ нь мах, гурил, цагаан будаа гээд цомхон доо. Тэгээд төмс, хүнсний ногоо багахан шиг иддэг. Гэтэл сүүлийн үед улаанбуудайг арай хэтэрхий улс төржүүлж байна. Энэ жилийн ургацаа хурааж аваагүй байж “Ургацаа тэдэн хувиар алдах нь” гээд өнгөрсөн жилийн улаанбуудайгаар үйлдвэрлэсэн гурилын үнийг нэмж болохгүй шүү дээ. Одоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийх ёстой”, “Улс төрд улаанбуудай дутаж гэнэ. Хэн нэгнийг сандал ширээнээс нь салгахын тулд хоол хүнсээрээ тоглох ч гэж дээ. Үүнийхээ оронд гарах гарцаа ярилцах хэрэгтэй. Ямар дайн дажинтай үе биш энх цаг шүү дээ” гэх мэтээр санаа оноо нэмж байна.

Харин ХХААЯ-ныхан “Одоогоор ургацын болц гүйцээгүй. Тиймээс энэ намар ямар хэмжээтэй тариа хураахаа өнөөдөр хэлэх боломжгүй. Улсын хэмжээнд хэдий хэмжээний ургац авах нь наймдугаар сарын 15-25-нд тодорхой болно. Энэ үеэр ургацын баланс эцэслэж гарна” гэв. Өөрөөр хэлбэл, тэд одоо ган тайлагдсан гэж үзжээ. Мөн тэнгэр ивээж, ирэх намар налгар сайхан болвол тариа хураах хугацаагаа хойшлуулахад их хэмжээний ургац алдахгүй гэж тооцоолж буй юм байна. Ойролцоогоор 30-35 хувийг нь алдана гэдэг төсөөллийг албан бусаар гаргачихсан аж. Тариаланчид өнгөрсөн хавар амжилтаа өсгөхөөр урд өмнө байгаагүй ахиухан хэмжээний га-д улаанбуудай тарьжээ. Энэ нь итгэл төрүүлж буйг мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь ургацынхаа 30-35 хувийг алдсан ч өмнөх жил нь хурааж байсан хэмжээний тариа авна гэж тэд найдаж буй юм байна. Хэрэв ингэвэл дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолжээ. Тиймээс ч зарим албаны хүн “Энэ асуудал зөвхөн энэ намар ч үүсч байгаа юм биш. Сүүлийн үед тариаланчид маань улаанбуудайгаа төрд өндөр үнээр шахахын тулд арай хэтэрхий мафижиж байна. Эцэстээ энэ нь иргэдийн нуруун дээр л дарамт болно шүү дээ. Тиймээс зарим тариаланч ургацын хувь хэмжээг  зөвхөн өөрийнхөө талбайгаар тооцдогоо болих хэрэгтэй. Улаанбуудайн үнийг өсгөх, гурилын үнийг нэмэгдүүлэх гэсэн санаа, зорилготойгоор ургацын 80 хувийг алдана гэсэн мэдээлэл тараасныг бид харж л байгаа” гэдэг байр суурьтай байна.

Юутай ч энэ намар дотоодын тариаланчдын хураасан тариаг худалдаж авч дуусгана. Тиймээс гурилын хомсдолд орохгүй гэдэг тайлбарыг ХХААЯ-ны мэргэжилтнүүд өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих