Төв аймгийн сумдад ямар улс төр яваад байна вэ?

ЦЭЭЛИЙНХЭН Н.ЭНХБАЯР ДАРГАА ХҮЛЭЭЖ СУУНА

Сонгууль хаяанд ирж улс төрийн хүрээнийхнийг хөдөлгөөнд оруулаад эхэлж байх шиг байна. Нэг гэр бүлийн хоёр хүртэл хоёр өөр өөр нам болчхоод талцдаг, найз нөхөд, ажил төрлөөрөө намд хуваагдан нэгийгээ үзэцгээдэг сумынхны улс төрийн үйл ажиллагаа хүчээ аваад эхэлчихсэн бололтой.

МАХН-ынхан дарга, цэрэггүй хөдөө орон нутгаар бадар барьж яваа гэнэ. Намын дарга Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг, телевизийнхээ хамт дагуулан өнөөдөр Төв аймгийн Цээл суманд очно гэсэн зар тараажээ. Уг нь тэд өнгөрсөн баасан гаригт очих байсан ч хойшилсон юм байна. Цээл суманд өнөөдөр Уяачдын холбооноос нэгэн өдөрлөг зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээнд тус сумын иргэд, хөдөлмөрчид, хөдөөгийн хоёр багийн малчид оролцохоор болжээ. Сумын төвд нутгийн иргэд олноор цугларч байгаа энэхүү завшааныг МАХН-ынхан ашиглаж, иргэдтэй уулзалт хийгээд авахаар төлөвлөсөн бололтой.

Одоогийн байдлаар Цээл суманд МАХН-д албан ёсоор элссэн 100 хүн бий гэнэ. Намын анхан шатны байгууллагаа аравт, зуутын зохион байгуулалтад оруулна гэж МАХН дүрэмдээ заасан. Тэгэхээр тэдний зуутын болзлыг хангаж байгаа анхны сум нь Төв аймгийн Цээл болж байгаа юм байна.Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Цээл сумыг онцгойлон авч үзэж өөрийн биеэр очиж ард иргэдтэй уулзаж байгаа нь энэ аж. Өдөрлөгийн үеэр элсээд байгаа 100 хүнээс гадна шинэ гишүүд элсүүлэх зорилго өвөртлөн яваа нь тодорхой биз ээ. Н.Энхбаяр болсон хойно нэлээд хүнд намынхаа батлахыг бэлэглээд ирэхээ мэдэх байлгүй. Цээлийнхэн ч намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлсэн ёсоороо ирэх, үгүйг тэсэн ядан хүлээж, ирэх замынх нь зүг рүү нүдээ чилтэл харж суугаа бололтой.

БАТСҮМБЭРИЙН АН-ЫНХНЫГ МАН-ЫН ГИШҮҮН САНДАРГАЖ БАЙНА

Цээл сумынхан бараг тэр чигээрээ МАХН-ын гишүүн болж буй мэдээ байхад Батсүмбэр суманд АН-ын даргаар МАН-ын нөхөр сонгогдох гээд бажгадуулж байгаа сурагтай.

Өнгөрсөн наймдугаар сарын 3-нд тус сумын АН-ын намын хороо хуралджээ. Энэ хуралд хуучин МАХН-ын гишүүн Ц.Цоггэрэл ирж суугаад хамтарч ажиллах санал тавьжээ. Түүний саналыг Төв аймгийн АН-ын намын хорооны дарга Д.Доржпүрэв дэмжсэн байна. Гэтэл уг хурлын дараа Ц.Цоггэрэл Батсүмбэр сумын АН-ын дарга болохоор үхэн хатан зүтгэж эхэлжээ. Түүний энэ үйлдлээс болж Батсүмбэр сумын Ардчилсан нам хоёр хуваагдаад байгаа юм байна. Тиймээс тус сумын АН-ын гишүүд аймгийн намын хорооны дарга Д.Доржпүрэвт гомдол гаргасан байх юм. Гомдол нэхсэн энэхүү бичигт өгүүлснээр бол Ц.Цоггэрэл нь Ху намд 20 жил зүтгэж, одоогийн парламентад сонгогдсон МАН-ын гишүүд болох М.Энхболд, Н.Энхболд, Д.Дондог, Су.Батболд нарыг сонгуулиар сурталчлах ажилд оролцож явсан, тэднийг тууштай дэмжигч гэнэ. МАХН-д үнэнч зүтгэснийхээ хариуд эхнэр хүүхдээ гадаад, дотоодод амрааж чадсан зайтай эр аж. Дээрээс нь суманд ирсэн зээлийг намын нэрээр авчихдаг зальтай нөхөр гэнэ. Батсүмбэр сумын ядуурлыг бууруулах төслийн зээлийн ихэнхийг зөвхөн Ц.Цоггэрэл аваад одоо болтол төлж барагдуулаагүй юм байна. Үүгээр зогсохгүй Төв аймгийн сум хөгжүүлэх сангаас олгосон 50 сая төгрөгийг хувьдаа зээлж авчхаад эргүүлж төлөөгүй аж.

Ардчилсан намын дүрэм, журмыг судалж мэдээгүй, намын гишүүн биш хүнээр даргаа сонгохгүй хэмээн гомдол гаргасан гишүүд хэлжээ. Ц.Цоггэрэлийн хуурамч занд итгэж, бохир мөнгөөр нь гишүүдийнхээ толгойг угаалгахгүйн төлөө тэд тууштай тэмцэх гэнэ. Төв аймгийн Батсүмбэр суманд нэг ийм улс төр өрнөөд эхэлжээ. АН, МАН хоёр дээгүүрээ үгсэн, хамтарсан Засгийн газар байгуулж, нэг хөнжилд орсон нь үнэн. Гэхдээ МАН-ын гишүүн С.Баяр АН-ын дарга болохдоо тултал найрлаагүй санагдана. Харин хөдөөгийн сумдад АН, МАН нэг нь нөгөөгийнхөө намын дарга болтлоо эвсэж, найрамдсаны жишээ энэ. Төв аймгийн АН-ын дарга МАН-ын нөхрийг нэг сумынхаа АН-ын даргаар тавихаар найр тавин суугаа даг шүү. МАН-ынхан яахав дээ АН-ын анхан шатны байгууллагад өөрийн хүнээ шургалуулж, АН-ыг идэж эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа нь тэр биз.

Я.Мөнгөн


URL:

Сэтгэгдэл бичих