Д.Сугар дарга аа “сульдаатай юм” ярихаа болилдоо
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа 80 жилийн ойн баяр наадамд очихдоо нисдэг тэрэг хөлөглөж очсон талаар хэвлэлүүд шуугицгаав. Түүний бэл бэлчингээ гайхуулж нисдэг тэрэг хөлөглөн явсныг сэтгүүлчид алдалгүй мэдэж, овоо хараандаа тусгасныхаа хүчээр баттай, нотолгоотой болгож, зургийг нь ч дараад амжиж.
Мань эр гарах гарцгүй болсондоо ч тэрүү, өчигдрийн сонин хэвлэлд ярилцлага өгч, нэг ёсны залруулга маягтай зүйл хийхийг оролдож. Нөгөө талаар сэтгүүлчид түүнийг зүгээр байлгаагүй нь ойлгомжтой. Харамсалтай мань эр арай л дэндүү худлаа туусан байх юм аа. Түүний ярилцлагад “Болсон явдал гэвэл Өвөрхангай аймаг 80 жилийн ойгоо тэм-дэглэхдээ, баяр наадмынхаа үеэр төрийн далбаа болон айм¬гийн сүлдийг тэнгэрээс буул-гаж, шүхрийн спортын үзүүл¬бэрийг сонирхуулахаар төлөвлөсөн юм билээ. Би Өвөр-хангай аймагтай байнга хол¬боотой байдаг болохоор на¬майг урьсан. Нисдэг тэрэг дотор дөрвөн шүхэрчин, хоёр сэтгүүлч, Ши.Батбаяр нарын 3-4 хүн байсан. Зардлыг нь даах байтугай хаанахын, ямар нисдэг тэрэгт сууснаа ч мэдээгүй. Нисдэг тэрэг явна гэхээр нь суучихсан” гээд хэв нэг туучихаж.
Түүний “Зардлыг нь даах байтугай хаанахын, ямар нисдэг тэрэгт сууснаа ч мэдээгүй” гэх энэ үг тэнэг хүн хуурах гэж байгаа юм шиг хэн хүнд санагдахгүй байна гэж үү.
Ямарч хамаагүй, харагдсан нисдэг тэргэндээ суучихдаг хүнийг эрүүл хүн гэх үү, аль эсвэл… Яахав, хөөрхий оюутан автобусанд андуурч суугаад хичээлдээ хожигдоод багшдаа хэлбэл бас арай өөр юм аа. Гэхдээ энэ бол байдаг л нэг худлаа ярих шалтаг шүү, залуучуудын дунд. Гэтэл бүхэл бүтэн Төрийн өмчийн хороог толгойлдог энэ хүн онгоцонд мэдэлгүй суугаад явсан утгатай мэдээллийг ард түмэнд өгөөд суудгийг юу гэж ойлгох болж байна.
Үнэн хэрэгтээ мань эр нисдэг тэрэг хөлөглөж, Өврийн сайхан хангайг зорьсон хэрэг. Очиход нь аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга тэргүүтэй томчууд хэд гурван ланд машинаар тосоод л…
Монголчууд “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү өөрийн дур” гэж хэлдэг л дээ. Гэвч Төрийн өмчийн хорооны дарга 5 цаг яваад оччихдог аймгийн төв рүү нисдэг тэрэг хөлөглөөд 10 сая шахам төгрөг зарцуулаад л аймаар их мөнгөтэй байгаа биз. Хамгийн сонирхолтой нь хувьдаа нэг ч бизнесгүй энэ эр ийм их мөнгийг хаанаас олж байгаа гэж ойлгох вэ.
Сүүлийн үед түүнтэй холбоотой таагүй мэдээлэл бас байгаа. Мөнгө завшсан хэрэгт АТГ-аас сэжигтнээр татан байцааж байгаа юм. Үүнийгээ ч мань эр нуугаагүй. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шатандаа явж байгаа гэх.
Харамсалтай байна шүү. Монгол Улсын төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг гартаа атгаж суугаа эрхэм дарга 10 саяар ойр зуур нисээд л, бас ард түмэнд үнэмшмээргүй зүйлийг суга суга үсэргээд байхаар юу болох вэ. Д.Сугар дарга аа суга суга үсэрсэн “сульдаатай юм” ярихаа болимоор байна шүү.
Улсынхаа төрийн өмчийг хэр найдвартай хүнээр мануулж байгаад хэн хүнгүй эргэлзэх боллоо. Төрийн өмчийг олон жил толгойлж буй тэрээр идээ бээрэндээ баригдаж дууссаныг дээрх баримтууд нотлоод байх шиг. Төрийн өмчийн хороо гэх энэ том айлд хууль хяналтын байгууллагын хяналт шалгалт ойрын үед оруулах хэрэгцээ шаардлага байгаа бололтой.
Н.Амараа
Эх Сурвалж: Gonews.mn
URL: