”Алтандорнод Монгол”, “Монгол газар” компаниуд хууль зөрчиж 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авчээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд наймдугаар сарын дөрөвнөөс аравныг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд “Алтандорнод Монгол” ХХК болон “Монгол газар” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж байгаа 19 аж ахуйн нэгжийн 40 обьект хамрагдсан байна. “Алтандорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХКомпани нь нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авч, эфель угаах үйл ажиллагааг эхлүүлсэн нь тогтоогджээ. Эдгээр компаниуд “Гол мөрний урсац бүрдэх эх, усны хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийг зөрчиж Харгуйт, Будант, Өлзийт тээл, Их тээлийн голын усыг их хэмжээгээр бохирдуулсан байна. Архангай аймгийн ИТХ, Засаг дарга, Цэнхэр сумын ИТХ, Засаг даргын зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажилладаггүй хэмээн ажлын хэсгийнхэн дүгнэсэн юм. Мөн Цэнхэр сумын ИТХ-аас уг хууль бус үйл ажиллагааг дэмжсэн тогтоол гаргаж, хандив төлбөрийг авч иржээ. Тиймээс дээрх компаниудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар бүрмөсөн зогсоож, хууль бус үйл ажиллагааг дахин гаргуулахгүй байх зорилгоор алт угаах нийт 40 төхөөрөмж хураасан байна. Мөн байгаль орчны багц хуулийн холбогдох заалтыг зөрчсөн аж ахуй нэгжүүдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Эх Сурвалж: www.shuud.mn
URL: