Зургаан сайдаа явуулахгүй, хамт огцрох хувилбар

11pqf8bu791pbija4bm4mc5abl-АН-ын ҮЗХ хуралдах эсэх нь тодорхойгүй байна-

Наймдугаар сар гарахтай зэрэгцэн улс төр бужигнаж эхэллээ. АН МАН-тай хамтарч засаг бариад долоон сар гаруйн хугацаа өнгөрсөн ч МАН-аас засагт орж ажилласан сайдуудын хувь заяа дээсэн дөрөөн дэнчигнэж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл дуу нэгтэйгээр МАН-ыг хамтарсан засгаас гаргах нь зөв гэж үзсэн ч Ерөнхий сайд гол салбар хариуцсан сайдуудаа явуулахгүй гэдгээ хоёронтаа илэрхийлчихлээ.

Ерөнхийлөгч наадмын өмнө парламентад суудалтай нам эвслийн болоод бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзаад эдийн засаг амаргүй байгаа энэ үед засгийн үйл ажиллагаа тогтвортой байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ уулзалтын дараа засаг ганхах асуудал түр намжсан ч АН “Бид хэн нэг хүнийг загнасы төлөө шийдвэрээсээ буцахгүй” хэмээн илэрхийлээд удаагүй байтал УИХ-ын дарга З.Энхболд “Наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэж, Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дахин баталгаажуулаад байна.

Харамсалтай нь, түүний тооцоолсон нүүдэлд саад гарч ирлээ. Тэрээр бүх зүйлийг өөрийн төлөвлөснөөр хийхийг эрмэлзэж буй ч Ч.Сайханбилэг үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй. УИХ-ын ээлжит бус чуулганаар өргөн бариагүй асуудлыг хэлэлцэхээр захирамж гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болох байсан учир Ерөнхий сайдыг “шахаж” байгаад өнгөрсөн баасан гарагт тогтоолын төсөл өргөн бариулахаар зүтгэсэн ч амжилтгүй боллоо.

Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн. Ардчилсан намаас Засгийн газарт улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй. Иймд Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг шаардаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Нэг ёсондоо Монгол Улс З.Энхболд гэдэг Ерөнхий сайдтай байх уу эсвэл Ч.Сайханбилэг гэдэг хүнээр үргэлжлүүлэн гүйцэтгэх засаглалаа удирдуулах уу гэдгээ шийдье гэдгээ тодорхой хэллээ. Ээлжит бус чуулганаас өмнө АН-ын ҮЗХ хуралдах боломжгүй. Мөн З.Энхболд дарга ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн гэнэ. Гэхдээ 220 гишүүнтэй /70 орчим нь орон нутгийн гишүүд/ ҮЗХ-ны гишүүд хуралдахад бэлэн байгаа аж. Энэ асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлбэл Ч.Сайханбилэгийн талд шийдэгдэх магадлал маш өндөр.

Гэхдээ Ч.Сайханбилэг намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-тай хамтарч засаг барихгүй гэх саналыг огт хүлээн зөвшөөрөөгүй хэрэг бас биш аж. Тэрээр хоёр намын хооронд байгуулсан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хангалтгүй гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 23.1-т заасны дагуу, МАН-ын сайдуудыг нарыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Хэрэв Ерөнхийлөгч З.Энхболдтой санал нэгдвэл Засгийн газар огцрох хэмжээнд хүртлээ асуудал хурцдах нь. Ч.Сайханбилэг намын дарга болохгүйгээр Ерөнхий сайдын суудлаа хамгаалан үлдэж болох байсан ч түүнд хувийн бус багийн тоглолт хэрэгтэй гэж үзжээ. Тэгэхээр Ерөнхийлөгч МАН-тай хамтрахгүй гэвэл Ч.Сайханбилэг зургаан сайдаа явуулахгүйгээр кабинетаараа огцрох хувилбар сонгосноо УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагаас харж болохоор байгаа юм.

 

С.Заяа

Eagle.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих