Малайз: Далавчны хэсэг “Боинг-777”-гийнх

527-143856530919dbfdaf7be5b4acfaf409085aafbff0_XLКУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Энэтхэгийн далайн арлаас олдсон нисэх онгоцны далавчны нэг хэсэг “Боинг-777”-гийнх болох нь тогтоогдсон гэж Малайзын албаны хүмүүс мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, арлаас олдсон онгоцны далавчны хэсэг нь Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхдаа радараас алга болсон онгоцтой адил загварын онгоцных гэсэн үг юм. Сураггүй болсон онгоцонд 239 хүн сууж явсан билээ.
Далавчны хэсэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Францын Реюньон арлаас олдсон юм. Үүнийг шинжлэхийн тулд Францын Тулуза хотын захад орших цэргийн байгууламжид аваачсан. Дүн шинжилгээ хийх ажил энэ долоо хоногийн лхагва гарагт эхэлнэ.
Малайзын Тээврийн яамны албаны хүмүүсийн хэлснээр, анхан шатны судалгааны дүнгээр далавчны хэсэг нь “Боинг-777” загварын нисэх онгоцных мөн болох нь тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор уг далавчны хэсгийг “Malaysia Airlines”-ийн нисэх онгоцных байж магадгүй гэсэн таамаглал газар авч байна.
Хэрвээ “Malaysia Airlines”-ийн нисэх онгоцных мөн болох нь тогтоогдвол яагаад энэ онгоц алга болсны нууцыг тайлахад тус болж магадгүй.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих