Ашигт малтмалын газрыг энэ сарын 06-ны өдөр “шүүнэ”

ddd031a2d8bc5bd95b76905e7c50e191Солонгосын  “Реалко Кореа”  ХХК  Ашигт малтмалын газрыг  лиценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээр  Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүх болон  Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд хандаад байгаа. Тэгвэл гадаад иргэний нэхэмжлэлтэй уг хэргийг  Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүхэд энэ сарын 06-ны өдрийн  15:00 цагт хэлэлцэхээр болсон байна.  

Гадаадын хөрөнгө оруулалт “сэргэн мандаад” байсан үед буюу 2009 онд  Солонгос улсын  100 хувийн хөрөнгө оруулалттай  “Реалко кореа” ХХК  Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын Лугийн толгой гэх  газарт  5000  га газарт ховор элемент хайх зорилгоор хайгуулын  лицензтэй болжээ. Хайгуулыг  хийхдээ  Монголын “Х”  гэх байгууллагатай хамтарсан байдаг.  Харин Монгол хамтрагчид нь Ашигт малтмалын  газрын хуулийн хэлтсийн  нэр бүхий ажилтантай хамтран  уг хайгуулын  лицензийг  Солонгосын “Реалко кореа” ХХК-ны нэр дээрээс өөрсөд рүүгээ шилжүүлсэн байдаг. Энэ нь хууль бус байсан бөгөөд  үүнийг анхан, дунд болон Улсын дээд шүүх тогтоосон байдаг.  Ингэж шүүхдэхэд  хоёр жилийн хугацаа алдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн 2014 онд АМГ  давуу байдлаа  ашиглан   лицензийг цуцалсан байна.

Тиймээс  АМГ-ын хуулийн хэлтсийн нэр бүхий  ажилтны буруутай үйл ажиллагааны  улмаас  хохирсон гэж үзэж  Захиргааны хэргийн болон  Иргэний хэргийн  шүүхэд хандаад байна.  Тодруулбал  лицензийн эрхийг сэргээлгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн  20-р шүүхэд,  хохирлын мөнгө болох 500 сая  төгрөгийг нэхэмжлэхээр  Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд тус тус хандаад байгаа нь энэ юм байна.

Лугийн голын орд нь газрын ховор элементтэй бөгөөд  одоогийн байдлаар нөөцийг нь 360 мянган тонн хэмээн тогтоожээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр  нэг тонн газрын ховор элемент 90 мянган ам.доллар хүрч байгаа бөгөөд  Монгол Улсын  хорь гаруй жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний баялаг юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих