“Алтангадас” үнэд орлоо
Ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үр дүн нь ямар байхыг янз бүрээр таамаглаж байна. Энэ чуулганы хамгийн “чухал” нь МАН-ын сайд нарыг чөлөөлж, орных нь сайд нарыг томилох ажил байгаа.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл баяр наадмын өмнөхөн МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Ээлжит чуулганыг хаах үеэр УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх саналаа өргөн бариагүй байв.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Зургаан сайдыг чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа. Тэгэхээр энэ асуудал процедурын дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ ингэснээр асуудал эцэслэн шийдэгдэхгүй.
АН-ын ҮЗХ хуралдаж намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг байх талаар шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс наймдугаар сарын 3-наас өмнө ҮЗХ-г хуралдуулж шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод ийм шаардлага өглөө” гэсэн юм.
Ерөнхий сайдын шаардсанаар АН-ын ҮЗХ амралтын өдрүүдэд хуралдсангүй. Тийм боломж ч бага юм. Амралтын улирал эхлээд ҮЗХ-ны гишүүд нь тал тал тийш тараад явчихсан. Нөгөө талаар АН иймэрхүү томоохон шийдвэр гаргахад фракцын тэргүүнүүд нь эхэлж тохирдог уламжлалтай. Тийм болохоор ийм богино хугацаанд шаардлага биелэх боломжгүй юм.
Гэхдээ Ерөнхий сайдын хэлээд байгаа нь АН-ынхны хувьд анхнаасаа стандарт бусаар шийдчихсэн, хэзээ нэг цагт яригдах л зүйл байсан.
Намын дарга нь З.Энхболд. УИХ-ын даргын алба хашиж байгаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмждэг. Тэгэхээр МАН-ыг засгаас гаргах, цаашилбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн асуудлыг энэ хоёр эрхэм л шийднэ гэсэн үг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хувьд АН доторх хоёр тал болчихоод байгаа аж. Тиймээс Ч.Сайханбилэгээр дамжин “тэсэрч” байгаа намын дарга, Ерөнхий сайдын суудал нэг хүнд байх зарчмыг ҮЗХ хэлэлцэж таарна. Хэзээ, яаж гэдэг асуулт гарч ирнэ. Ингэхийн тулд хоёр тал ҮЗХ дээр дэмжлэг авахад гол цөмийг нь бүрдүүлдэг Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракц хүчтэй нөлөө үзүүлнэ. Хэн нь нэг нь Н.Алтанхуягийн дэмжлэгийг авч байж нөгөөгөө ялна гэсэн үг. Ингэхийн тулд Н.Алтанхуягт хэн илүү санал тавьсан нь ялж таарна.
ҮЗХ дээр ялагдана гэдэг аль альд нь улс төрийн томоохон цохилт болох талаар эх сурвалжууд хэлж байна. Тиймээс хэдхэн сарын өмнө нийлээд хөөж байсан эрхмүүд одоо Н.Алтанхуягтаа хадаг бариад очих нь. Харин Н.Алтанхуяг хэнийг нь дэмжих бол. Нэгэн цагт “Алтангадас”-т нь байж хамтдаа засаг төрийг эмхлэнэ хэмээн зүтгэж явсан. Сүүлд өөрийг нь буулгаад оронд нь Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг хийгээд түүнийг дэмждэг Ерөнхийлөгчийг дэмжих үү. Эсвэл Ерөнхий сайд, намын даргынх нь албыг зэрэг мултлах ажлыг голлон зохион байгуулсан гэгддэг З.Энхболдыг дагах уу?
Н.Алтанхуяг Увсынхаа 90 жилийн ойд оролцчихоод тэндээ амарч үлдсэн. Улаанбаатарт ирүүт нь ийм шалтгаанаар уулзах гэсэн намынх нь лидерүүд хүлээж байна.
Маргааш эхлэх чуулганаар Ерөнхий сайдын санал орж ирэхгүй ч “Шонхор” фракцын хэн нэгэн МАН-ын сайд нарыг огцруулах санал өргөн бариад асуудлыг шийдчихнэ. МАН явдгаараа явна. Харин засгийн толгойг мэдэж байгаа АН-ын дотоод дахь томоохон зодоон цааш үргэлжлэх нь.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: