АН-ын автомат дохиолол гацчихвал “Галт тэрэг”-ийг хүчээр зогсооно
-Зургаан сайдын асуудлыг есдүгээр сар хүртэл хойшлуулж магадгүй-
Засаг задарна гээд л, төрийн албаны дунд зиндааныхан зүрхэндээ бэмбэтэй гүйлдэж байна. Гэвч “наадам биш найр болно” гэж Гүржавын хэлдэг шиг засаг задрах болоогүй ч байж мэднэ. Учир нь чуулганаар хэлэлцэх асуудлыг хойшлуулж бас болдог. Ирц бүрдүүлэхгүй байж болно. Ирц бүрдсэн ч дэмжихгүй байж болно шүү дээ. Эхний хувилбар гэвэл Ерөнхий сайдыг хүн чанар нь чангаагаад зургаан сайдын өмнө “үхсэн ч сэхсэн ч хамтдаа даван туулна” гээд хэлчихсэн юм даг уу даа. Түүнээсээ буцах тохироог хийнэ гэдэг амаргүй даваа. Урилга өгөх нэг хэрэг. Урьчихаад хөөх хэцүү биз дээ.
Уг нь түүний танхимынхан АН-ынхны захиалсан хуулиудыг төвөггүй баталж өгсөн ч ийм л даалгаврыг өгчээ. Шударга биш санагдсан байх. Гэхдээ намын даалгаврын дагуу хийнэ. Харамсалтай нь “сум” өөр намын зургаан сайд руу биш өөр рүү нь чиглээд байгааг Ч.Сайханбилэг улстөрчийнхөө хувьд хэдийнэ гадарласан. Болдогсон бол өргөдлөө өгөөд явчихмаар байгаа ч ирэх жилийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд болгосон намдаа ийм хариу барих эрх үгүй. Гэвч намын даалгаврыг биелүүлсэн ч удлаа гэхэд хоёрхон сарын дараа зургаан сайдынхаа араас, эсвэл хамт хөөгдөх учиртайг ч мөн гадарлаж буй. Ерөнхий сайдаас танхимынхаа зургаан сайдыг хөөх бичгийг хүлээгээд байгаагийн учир энэ. Ж.Наранцацралт агсны намдаа барьсан яг иймэрхүү сюрприз хожим нь галзуу амжилт өөрт нь төдийгүй намд нь бэлэглэснийг санаж байна уу. Тэгэхээр хамт, эсвэл өөрийн санаачилгаар Ерөнхий сайдын суудлыг өгнө гэдэг муу зүйл биш. Харин Ч.Сайханбилэг хавьгүй том хавханд орсон учраас тэгж чадах эсэх нь тун эргэлзээтэй.
Дараагийн хувилбар хөөрхий, дэндүү танил сценари буюу ирц бүрдүүлэхгүй байх явдал байж мэднэ. Гэхдээ үүнийг МАН-ынхан лав хийхгүй. Засагт хоргодох шалтгаангүй, хөөгдсөнөө улс төрийн өрөг дээрх хожил болгож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа МАН-ын бүлгийнхэн тэгж шившгээ тарихгүй байхаар хэлэлцэж тохирсон гэнэ лээ. Харин “Хэрэв Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг өргөн барихгүй ёсорхож номчирхоод байвал” хэн гэгч сайдууд нь өргөдлөө өгч шоуг сонирхолтой болгохоо ч “шодчихсон” дуулдана. Тэгэхээр ирц бүрдүүлэхгүй байх мэхийг МАН-ынхнаас өөр гишүүдээс хайсан нь дээр байх.
Сүүлчийнх нь хувилбар ерөөсөө “Ерөнхий сайд нь өргөн бариагүй буюу өөр ямар ч шалтгаанаар хамаагүй хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах”. Энэ хувилбарыг ямар тохиолдолд магадлалтай вэ гэвэл АН-ынхан дараагийн сайдаар хаана, хэнийг томилохоо шийдэж тохиролцоонд хүрээгүй нөхцөлд хойшлуулах мэх хэрэглэж мэдэхээр байна. Ингэхдээ ирэх есдүгээр сард гэсэн сураг дуулдаж буй. Уг нь аравдугаар сарын эхээр намрын чуулган эхэлдэг ч наана нь зайлшгүй хэлэлцэх хуулийн төслүүд, шийдвэр ч юм уу хэлээд ямар нэг хойшлуулшгүй шалтгаанаар дахин ээлжит бусыг зарлан хуралдуулах бололтой.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаа яах вэ гэж үү? Бид томилгоог дэндүү их хэлэлцлээ. Нэн яаралтай батлах хуулийн төсөл олон байна. Гүйцээ. Ингээд л хэлчихэд хэн буруутгах юм бэ. Ямар “Манай намынхан дотроо суудлаа тохирч, эвслийнхэнтэй зөвшилцөж амжаагүй байж арай яарчихжээ, уучлаарай” гэлтэй биш. Тэгээд ч “хөдөлж буй галт тэрэг”-ийг хүчээр зогсоох шалтгаан нь ноцтой байх шаардлагатай. Ноцтой шалтгаан олдохгүй бол “бүх ард түмний тусын тулд” гэдэг сайхан үгээр жигүүрлэн далавчилж нуухаас өөр аргагүй билээ. Тиймээс элдэв таамаглалд тайван хандаж юуны өмнө Засгийн газар үнэхээр “хөдөлнө” гэж үү гэдгийг харах л үлдлээ.
М.Төмөр
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yrunhii saidiin zuwshde zugeer l ajlaa hiie l gej bodoj baigaa
Зүгээр ажлаа явуулахыг хүлээж байгаа шүү