Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхэд хариуцагчаар татагдах уу
Шинэчилсэн найруулга бүхий Шүүх байгуулах тухай хууль мөрдөгдөж эхлээд байгаа. Тэгвэл өмгөөлөгч Г.Нацагдорж энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тэрбээр энэ тухай хэвлэлд “Ерөнхийлөгч 2013 онд зарлиг гарган шүүгч нарыг чөлөөлсөн. Гэтэл Үндсэн хуульд “Шүүгч өөрөө хүсэлт гаргавал чөлөөлнө” гээд тодорхой заачихсан. Гэтэл хүсэлтээ гаргаагүй байсан шүүгч нарын өмнөөс чөлөөлөөд өгнө үү гэсэн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасныг нь Ерөнхийлөгч гүйцэлдүүлсэн. Энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд, Шүүхийн ерөнхий зөвлөлийг өгсөн юм. Улсын дээд шүүх хариуцагч нь “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна” гэдгийг тогтоолдоо заагаад өгчихсөн. Гэвч уг тогтоол shuuh.mn сайтад тавигдаагүй ба одоо болтол үүргээ биелүүлж, шүүгч нарынхаа эрх ашгийг хамгаалахгүй л байгаа. Энэ талаар Шүүгч нарын холбооноос ч мэдэгдэл гаргаад тусыг олохгүй байна. Тэгэхээр нь Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн чинь маргаан үүсгэхээс татгалзсан. Түүнийг нь эс зөвшөөрөн гаргасан гомдолд Үндсэн хуулийн цэцээс 2015 оны зургаадугаар сарын 5-нд магадлал гаргасан юм. Хачирхалтай нь Үндэслэл хэсгийн 4-т “Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдсөн шүүгч өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлтэй байна” гэсэн шийдвэрийг гаргасан
Магадлалаа хавсаргаад, Ерөнхийлөгчийн зарлигийг эс зөвшөөрөн шүүхэд хандана даа. Ер нь бол Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл үүргээ биелүүлсэн бол шүүгч нарынхаа эрх ашгийг хамгаалдаггүй гэх маргаан дуусах байсан. Мөн хууль бусаар чөлөөлөгдсөн 12 шүүгч албан тушаалдаа эгэн томилогдох байсан. Одоо “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч нь болчихлоо” хэмээн ярьсан. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, Г.Нацагдорж өмгөөлөгч “Үндсэн хуулийн цэц шүүхэд ханд гэсэн тул Ерөнхийлөгчийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлээ өгөв. Татгалзуулахгүйг л хичээсэн дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүх буруутгасан ч нэхэмжлэлйг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр нь Цэцэд хандахад 4 дэх заалтаараа “шүүхэд ханд” гэх юм” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
URL: