Цээл сумынхан МАХН-ын ивээн тэтгэлгээр өдөрлөг хийв

Төв амгийн Цээл суманд МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн даргаа, телевизтэйгээ дагуулан өчигдөр очно гэж манай сонин мэдээлсэн билээ. Тус суманд Уяачдын холбооноос нэгэн өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна. Энэ үеэр МАХН-ынхан очиж, намдаа шинээр элсч буй гишүүдэд батлах гардуулж, ард иргэдтэй уулзан, намын үйл ажиллагаагаа бэхжүүлэх юм байх.

Чухам энэ өдөр Цээл сумын төвд юу болж байгааг тодруулахаар өчигдөр үдээс хойш 16.00 цагт тус сумын АН-ын дарга Б.Нямбаатартай утсаар холбогдсон юм.

-Сайн байна уу. Сумын төв дээр юу болж байна вэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэв үү. Өдөрлөгт хэр их хүн цугласан байна вэ?

-Жигтэйхэн олон хүн цугларсан харагдана. Бараг л эрийн гурван наадам хийж байх шиг байна. Морь уралдаж, бөх барилдаад, Цээлийнхэн тэр аяараа гоёж гоодсон гэж жигтэйхэн байна. Бид сумын төвөөс хоёр, гурван км-ийн зайнаас тэдний баярыг ажиглаж байна.

-МАХН-аас зохион байгуулж байгаа баяр юм уу, эсвэл….

-Уг нь Уяачдын холбооноос зохион байгуулж байгаа өдөрлөг юм. Гэвч өдөрлөгийнх нь зорилго өөр бололтой. Ер нь МАХН-аас зохион байгуулж байгаа баяр болоод явчихлаа.

-МАХН-ын дарга нар өөрсдөө ирсэн юм уу?

-Одоохондоо ирээгүй л байна. Н.Энхбаяр бие төлөөлөгчөө явуулсан, өөрөө удахгүй ирнэ гэж хэлүүлсэн юм байх.

-МАХН-д одоогийн байдлаар хичнээн хүн элсээд байгаа бол?

-100 гаруй хүн элссэн юм байна.

-Хэзээнээс эхэлж элссэн бол?

-МАХН-ыг Дээд шүүхэд бүртгүүлсний дараа манай сумын засаг дарга М.Ганбат МАХН-ыг сумандаа байгуулсан шүү дээ. Засаг дарга М.Ганбат уг нь МАН-ын гишүүн байсан юм. Түүний тойрон хүрээлэгч нар болох конторын ажилчид цөм МАХН руу урвасан байх.

-Танай намаас урвасан хүн бий юу?

-Манай намын нэрээр багийн дарга хийж байгаа дөрвөн хүн МАХН руу урвачихлаа. Гэхдээ тэд намаасаа гарлаа гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй. Багийн дарга Энхмаа дэмий балай юм тоочсон, учир нь олдохгүй өргөдөл надад өгсөн байна лээ. Өргөдөлдөө намаас гарлаа гэж бичээгүй байсан. Уг нь АН-ын нэрээр долоо дахь жилдээ багийн даргаар ажиллаж байгаа юм. Ингэж загнах эрхгүй л баймаар санагдана.

-МАН-аас хичнээн хүн МАХН руу орсон бол. Мэдэв үү?

-Бараг 60,70-аад хүн урвасан гэсэн байх аа.

-Цээлийн МАН хичнээн гишүүнтэй байсан юм бэ?

-200 гаруй гишүүнтэй байсан байх.

-Танай нам хичнээн гишүүнтэй юм?

-170 гаруй гишүүнтэй.

Түүнтэй ийн ярилцсаны дараа Цээл сумын МАН-ын дарга У.Дамдинсүрэнтэй холбогдлоо.

-МАХН-ынхан танай суманд очоод бужигнуулаад байгаа юм уу?

-Мэдэхгүй ээ. Ирэх л сураг байна. Тодорхой юм алга. МАХН-ынхан ирээд гишүүддээ батлахаа гардуулсны дараа бүх зүйл ил тод болох байх.

-Танай намын олон гишүүн МАХН-д элссэн юм биш үү?

-Үгүй ээ. Манай намаас урваад байсан хүн алга. Засаг даргыг тойрон хүрээлдэг хэдэн хүн МАХН руу явсан байх. Өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлээ дагаад явж байгаа юм байлгүй.

-Цээл сумын МАН-ынхан хоёр хуваагдаад бөөн зөрчил үүсээд байгаа юм биш үү?

-Үгүй, үгүй. Тэгж зөрчилдөөд байсан юм байхгүй. Манай Засаг дарга нам байгуулаад тусдаа гараа л биз.

Үүний дараа Цээл сумын Засаг дарга, МАХН-ын дарга М.Ганбатаас тодруулга авах гэсэн боловч түүний утас холбогдоогүй юм. Харин тэрээр өдөрлөгийн үеэр “Цээл сумын МАХН одоогийн байдлаар 150 гаруй гишүүнтэй боллоо. Өнөөдрийн өдөрлөгийг МАХН ивээн тэтгэж явуулж байна” хэмээн үг хэлжээ. Ингээд оройн 18.00 цагийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, Н.Удвал нар ивээн тэтгэж буй өдөрлөг, наадамдаа ирээгүй байсан юм.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих