“Туул голыг туйлдуулагчид цээрлэл хүлээх учиртай”
Туул голын хөвөөнд тухалсан харийнханд Монголын хууль хүчин мөхөсдөж байна. Хууль хяналтын байгууллагууд хөрөнгө, мөнгөтэй гадны компанийн эрхшээлд орж, тэднийг өөгшүүлсээр өдийг хүрлээ.
Тухайлбал, “Туулривер контрисайд” компанийг дурьдаж болно. Хууль зөрчихдөө гаргууд энэ компани нь Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Тэр ч утгаараа компанийн ажилчдын дийлэнх хувийг хангүгчүүд эзэлнэ. Одоогоос хэдэн жилийн өмнө эл компани Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртад гольфийн талбай барих нэрээр газар нутгийг нь сэндийлж байсан.
Тухайн үед орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буу, шийдэмд хүрч байж үйл ажиллагаагаа зогсоосон юм. Гэтэл бууриа сэлгэсэн “Туулривер контрисайд”-ынхан Хан-Уул дүүргийн нутагт буудалласан. “Батгана явсан газар балагтай” гэдэг. “Туулривер контрисайд” компанийнхан Монголын нөлөө бүхий эрхмүүдтэй “нууц хэлэлцээр” байгуулж газар нутагт минь дураараа дургиж байгаа.
Гольфийн талбай барих нэрийдлээр Туул голд ихээхэн хэмжээний хохирол учруулсныг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн тогтоон эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Гэтэл хэрэг мөрдөн байцаалтын шатандаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжсэн. Гэвч өнөөдрийг болтол хэрэг шийдэгдэхгүй байсаар байна. Түүнчлэн тус компани туул голын бургасыг булгалсан хэрэгт дахин унасан. Туул голыг бохирдуулж, мод бургасыг нь хиаруулсан хэрэгт Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон бусад удирддагууд ч холбоотой.
Учир нь эрхэм мээр энэ компанид газар эзэмших зөвшөөрөл олгосон. Тодруулбал, 2009 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 204 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ.
Энэ газар нь Туул голын хөвөө буюу нийслэлчүүдийг цэвэр усаар хангадаг бүс нутаг юм. Гэтэл “Туулривер контрисайд” компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрч зөвшөөрлийн бус бүс нутгаас 1600 ширхэг бургас булгалжээ. Эдгээр нь нотлох баримтаар батлагдсан зүйл юм.
Гэтэл нотлох баримтыг “00″-ийн цааснаас дорд үзэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор зүтгэж яваа хангүгчүүдэд хатуу цээрлэл хүлээлгэх учиртай.
ТУУЛ ГОЛЫН “АМИНД ХҮРЭХИЙГ” САНААРХСАН КОМПАНИ ОЛОН БИЙ
Туулын хөвөөнд тансаг харш бариад тухлаж суугаа иргэд олон. Тэд өнөө маргаашийг бодохоос биш үр хойчоо бодож үзсэнгүй. Нийслэлчүүдийн цэвэр усны эх ундарга болсон Туул голоо ширгэх аюулд хүрснийг ухаарах цаг аль хэдийн болсон. Гэтэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд хүч түрэн Туул голыг мөхөөж байна.
Энэ голын гольдролын бүсэд барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулж буй компаниас цухас дурьдвал, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрний баруун талд, Туул голын урд эрэг дээр барилгын ажил явуулж буй “Пума инженеринг”, Маршалын гүүрний баруун талд баригдаж буй “Стандарт групп”-ын барьж буй орон сууцны барилга, Сонгины булан дахь “Туулривер контрисайд” гольфийн талбай, Хүрхрээгийн аман дахь “Скай резорт”-ын гольфийн талбай, Баянзүрх дүүрэг дэх “Хөлийн гол” орон сууцны барилга зэрэг болно.
Эдгээр компани барилга байгууламж барих нэрийдлээр голын дагуух бургас модыг замбараагүй ашиглаж сүйтгэх, голын гольдролыг хааж өөрчлөх, хөрс шороог ухаж эвдэх, цэвэр усны эх үүсвэрүүдийг ширгээж хатаах зэрэг зүй бус үйлдлийг гаргажээ.
Мөн Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах зориулалтаар баригдсан уст цэгүүдийг эвдэж гэмтээх, усыг нь багасгаж ширгээх, шинээр дур мэдэн уст цэгүүд гаргах зэрэг ноцтой дутагдлуудыг гаргасан нь хяналт шалгалтын үеэр илэрсэн байдаг. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дагуу Туул голын сав газрын хойд эргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг “Стандарт групп” компани голын бургасан шугуй ойг сүйтгэсэн нь тогтоогдсон.
Түүнчлэн нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаа-лалтын дотоод мужид нэвтрэн орсон нь илэрчээ. Уг компанид Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Туул голын хойно орон сууцны хорооллын зориулалтаар ашиглах 15.6 га газар олгосон байдаг. Гэтэл Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрөгч оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар 23.2 га болгон нэмэгдүүлж шинээр орон сууцны иж бүрэн хороолол барих зориулалтаар газар олгож 0066303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн компанийн ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат томилогдсон байсан аж.
Энэ нь хотын удирдлагууд Туул голыг сүйтгэсэнд буруутай гэж хэлж болох нэг үйлдэл юм. Албаны хүмүүсийн яриагаар бол “Стандарт групп” компанид орон сууцны хороолол барих зориулалтаар газар олгосон 2004, 2010 оны захирамжууд нь Ойн болон Усны тухай хуулийг онц ноцтойгоор зөрчсөн болох нь тогтоогджээ. Нийслэлийн удирдлагууд нь нийтийн хэрэгцээний газрыг нэр нөлөө бүхий компаниудад “худалдаад” байхаар иргэдэд юу үлдэх билээ.
Түүнчлэн цэвэр усны эх үүсвэр болсон Хатан Туулаа харсаар, мэдсээр атлаа сүйтгүүлсээр байх хэрэг үү. Ашиг хонжоо, албан тушаал харж алаг дарам газраа зарсаар суутал чинь Хатан Туул чинь ширгэх вий дээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд Туул голын сав газарт үйлдвэр, ахуйн гаралтай хаягдал бохир ус цэвэрлэх томоохон гэгдэх 27 бохир ус цэвэрлэх байгууламж байдаг аж.
Эдгээрийн 11 нь хэвийн ажиллагаатай, тав нь хэвийн бус ажиллагаатай, 11 нь ажилладаггүй гэнэ. Мөн голын ай сав газарт 30 гаруй төрлийн химийн хорт бодис хэрэглэдэг арьс шир боловсруулах 34 үйлдвэр, өлөн боловсруулах 21 үйлдвэр, төрөл бүрийн угаагч бодис хэрэглэдэг ноос ноолуур угаах 24 үйлдвэр тус тус ажилладаг байна.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: