Өмгөөлөгч Л.Дашравдан: Г.Буяндорж нарыг шүүхээс гэм буруутайг нь тогтоож, дахин ял оноолоо
Удтал нийгмийн анхаарлын төвд байсан Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 2015 оны 7 дугаар сарын 27, 28-нд үргэлжилж шийдвэр гарчээ. Энэ талаар хохирогч “Ноёд Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдантай ярилцлаа.
– Г.Буяндорж нарын шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс хэнд ямар ял оноосон юм бэ?
– Таван шүүгдэгч байсан. Эдгээрээс дөрөвт нь эрүүгийн ял шийтгэл оногдуулсан. Тухайлбал, иргэн Г.Буяндоржид иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1-д зааснаар зургаан сарын баривчлах ял, иргэн С.Билэгтийн нэр төр алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт захиалагчаар оролцсон, мөн хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.3-д зааснаар 3 жил хорих ял, эдгээрийг нэгтгээд 3 жил 3 сар хорих ял оноосон. Иргэн Г.Дамдиндорж, Д.Батжаргал нарыг иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож баривчлах ял оноосон. Сэтгүүлч С.Баттулгад иргэн С.Билэгтийн нэр төр алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-д зааснаар 14 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Энэхүү торгуулийн ялаас цагдан хоригдсон хоногийн тоонд дүйцүүлсэн төлбөрийг хассан. Шүүхийн шийдвэрт торгуулийн ялыг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гурван жил хүртэл хорих ялаар солих үндэслэлийг тусгаж өгсөн юм.
– Ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарт ял оноосон бэ?
– Шүүх хурлын талаар миний бие үүнээс илүү мэдээллийг өгөх боломжгүй. Энэ хэргийн тухайд давах шат, хяналтын шатанд гомдол гаргах эрх талуудад нээлттэй байгаа. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар энд тодруулж ярих боломжгүй байна.
– Энэ хэрэг сүүлийн үед олны анхаарлын төвд байлаа. Учир нь сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон явдлыг мэргэжил нэгтнүүд нь буруушааж, шүүхийн тогтоолыг эсэргүүцсэн. Яагаад сэтгүүлчийг хорих шийдвэр шүүхээс гарах болов. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд энэ талаар таны тайлбар?
– 2015 оны 7-р сарын 9-ний өдөр зарласан шүүх хурал хойшлогдох үед шүүгдэгч нарт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон. Үүнээс хойш “Сэтгүүлчийг сулла” жагсаал хөдөлгөөн өрнөсөн. Мэргэжил нэгт нөхрөө өмгөөлсөн үйл ажиллагаа явуулж байна гэж бид ойлгосон. Гэхдээ, шүүхээс яагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв гэдгийг судалж үзээгүй тал ажиглагддаг. Энэ хэрэг гурван жил орчим хугацаанд үргэлжилж байна. Анх 2014 оны 7-р сарын 30, 31-ний өдөр шүүх хурал үргэлжилж нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан. Үүний дараа 2014 оны 12-р сарын 12-ны өдөр удаа дараа хойшилсны эцэст анхан шатны шүүх хурлын шийдвэр анх удаа гарч, Г.Буяндорж, C.Баттулга, Г.Дамдиндорж нарт ял оноосон. Үүнийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2015 оны 3-р сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнээс хойш шүүх хурлыг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс таван удаа, шүүх прокурорын байгууллагын дотоод шалтгаанаар хоёр удаа нийт долоон удаа хойшилсон. Сүүлдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нар сургалтанд сууж байна, өвчтэй байна, хурал давхацлаа гэх мэт ялих ялихгүй шалтгаан тоочиж шүүх хурлыг хойшлуулдаг болсон. Энэ бол шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл мөн гэж үзэх бүрэн үндэслэл юм. Нөгөө талаар өдөр тутмын сонинуудад хохирогчийн талаар “С.Билэгтийн босгосон төөрдөг байшин” гэсэн гарчигтай бас л үйлчлүүлэгчийг маань гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан захиалгат нийтлэлүүд гарч эхэлсэн. Тиймээс хэргийн үнэн мөнийг хуулийн хугацаанд шийдүүлэх үүднээс хохирогчийн талаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, сэтгүүлчийг хориод өгөөч гэж тусгайлан хүсэлт гаргаагүй.
– Шүүхээс сэтгүүлч С.Баттулгад ямар үндэслэлээр ял оноосон бэ. Сэтгүүлч тодорхой эх сурвалжтай мэдэгдлийг нийтэлснийхээ төлөө ял сонслоо гэсэн мэдээлэл бидэнд байна?
– Сүүлийн үед хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээллүүдээс харахад “Ноёд” группээс гаргасан мэдэгдлийг сэтгүүлч С.Баттулга сайтдаа байршуулсны төлөө хоригдлоо, ял авлаа гэсэн ойлголтыг өгч байна. Яг үнэн байдал бол тийм биш. Нэг компанийн мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө сэтгүүлчийг хуулийн байгууллага барьж аваад эрүү үүсгээд ял өгөх тийм зүйл анги манай улсын хуулинд байхгүй. Энэ хүн 2013 оны 6-р сарын 4-ний өдөр өөрийн удирддаг info.mn сайт дээрээ Наранжаргал гэдэг нэрээр цуврал нийтлэлийг бичин байршуулж, улмаар цахим орчинд тараасан. Эдгээр нийтлэлүүд нь манай үйлчлүүлэгчийг ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон, гэр бүл үр хүүхэд рүү нь халдсан, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан агуулгатай байсан. Иймээс бид арга буюу хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага шалгах явцад гүтгэх үйл ажиллагаа улам өргөжсөөр байсан. Тийм учраас бид гомдлоо татаж авах боломж бүрдээгүй. Хэрэг үргэлжлэн шалгагдсаар байгаад өнөөдөр сэтгүүлч С.Баттулга ял авчихлаа. Угтаа бол гэм буруутай үйлдэл хийснээ ухамсарлаад хүн ёсны үүднээс хохирогч руу хандсан бол байдал өөрчлөгдөх бүрэн боломжтой байсан. Тухайлбал би ганцхан жишээг онцолъё. 2015 оны 7-р сарын 27-ны өдөр болсон шүүх хурал дээр хохирогч мэдүүлэхдээ “Буяндорж гэдэг хүн ямар муухай юм хүнээр хийлгэдгийг би мэднэ. Тэрний л нэгэн адил энэ сэтгүүлч эмэгтэй түүний башир арганд автаад миний эсрэг худал гүтгэлэг тараажээ гэж би харж байгаа. Шүүхийн танхимд шүүгдэгч болохдоо тулахгүйгээр өөрийнхөө гэм буруутайг хүлээн зөвшөөрөөд надаас уучлалт гуйчих сэтгэл дутсан юмаа. Хэрвээ тийм үйлдэл хийсэн бол адилхан эмэгтэй хүнийхээ хувьд би уучлахад бэлэн байсан. Харамсалтай нь С.Баттулга уучлалт гуйхын оронд хэвлэл мэдээлэл ашиглан над руу дайрах үйлдэл нь давтагдаад байсан учраас би гомдолтой байна” гэж хэлсэн. Гэтэл шүүгдэгч С.Баттулга шүүх хурлын үеэр ч болтугай уучлалт гуйхын оронд манай үйлчлүүлэгчийг хэвлэлүүдэд мөнгө тараасан гэж дахин гүтгэлгээ үргэлжлүүлж байх жишээтэй.
– Та тодорхой жишээ хэлээч?
– Шүүгдэгч С.Баттулга шүүх танхимд эцсийн үгээ хэлэхдээ “Хохирогчийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ийгл телевиз, Өглөөний сонин, shuud.mn, zone.mn, wikimon.mn гэх зэрэг нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тарааж Г.Буяндоржийн эсрэг мэдээ явуулсан” гэж дахин гүтгэсэн. TV5 телевиз, Өдрийн сонин, chuhal.mn сайтын нэр бас шүүх хурлын үеэр мэдүүлэгт иймэрхүү байдлаар дурьдагдаж байх жишээтэй. Үүгээрээ энэ сэтгүүлч өөрийг нь өмгөөлөөд жагсаад байсан хэвлэл мэдээллийн салбарын мэргэжил нэгт нөхдөө хэн нэгнээс мөнгө аваад худал мэдээлэл тараадаг гэсэн буруу ойлголтыг олон нийтэд өгчихлөө гэсэн ойлголт надад төрсөн. Үнэн чанартаа хэвлэл мэдээллийн салбарт мөнгө өгч мэдээлэл гаргуулсан зүйл хохирогчийн зүгээс огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ийм зүйл болоогүй гэдгээ нэр дурьдагдсан хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө тайлбар хийх биз ээ.
Би дахиад нэг жишээ дурьдахгүй байж болохгүй нь. Долоодугаар сарын 28-нд шүүхээс С.Баттулгын гэм буруутайг тогтоож ялласан. Гэтэл шүүх хурлын маргаашнаас манай үйлчлүүлэгчийг өөрийнхөө twitter хаяг буюу олон нийтийн сүлжээ ашиглан дахин гүтгэн доромжлох үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эрх үүргийнхээ дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан өмгөөлөгч бид нар руу хүртэл дайрч байна. Зүйрлэбэл, хүн зодоод ял авсан хүн маргааш нь яг нөгөө хүнээ дахиад зодоод байгаатай агаар нэг юм. Тэгэхээр сэтгүүлч С.Баттулга хуулинд захирагддаггүй, ийм хууль бус үйлдлээ давтан үйлдэж байна. Бид энэ гүтгэлгийг зүгээр хараад суух боломжгүй. Ийм эгзэгтэй нөхцөл байдлыг өөрөө дахиад үүсгэчихлээ.
-“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг залилангийн хэргээр шүүгдэж байна гэх мэдээлэл гарч байсан. Гэтэл шүүхээс хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн үндэслэлээр ял оноолоо. Тэгэхээр залилсан гэдэг үндэслэл тогтоогдоогүй гэж ойлгогдож болох уу?
– Олон нийт энэ асуудал дээр нэлээд төөрөгдөж байна. Миний үйлчлүүлэгчээс гадна Г.Буяндоржтой холбоотой олон хэргүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байдаг юм. Нэг бүр нь 250 хуудас бүхий 21 хавтаст хэрэг шүү дээ. Үүн дотор таны асуугаад байгаа залилангийн хэрэг ч хамт явж байгаа. Г.Буяндоржтой холбоотой хэргийг шалгах явцад тусгаарлагдсан, түдгэлзсэн хэргүүд байгаа. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал авч өгөх нэрээр 1.2 сая доллар залилсан хэрэг нь тусгаарлагдаж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм билээ. Мөн Г.Буяндоржийн гаргаж өгсөн хуурамч бичиг баримтыг үндэслэж хэрэг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн шүүгч нартай холбоотой хэрэг ч түдгэлзсэн байгаа.
Ярилцсан: Г.Тод
URL: