Наадмаас наадамд гээгдсэн Монгол бөхийн жудаг

527-143822010647675-600x487Монгол бөх долоон мянган жилийн түүхтэй. Дундговийн Өлзийт сумын Дэл хөнжлийн уулаас олдсон түүхийн дурсгал ингэж гэрчилдэг. Харин бөхийн эрэмбэ цол нь 1600 жилийн түүхтэй гэж бөх судлаач, эрдэмтэд судалжээ. Цолны чимэг нь XVIII зууны үеэс эхэлсэн гэж байгаа.
За тэгээд, бөхийн зодог шуудаг, гараа дэвээ шаваа… бүгд цаанаа учир утгатай. Аль ч талаараа Монголын түүхийг хадгалсан, даган дуурайх монгол эр хүний сонгодог загвар болсоор ирсэн үндэсний спорт.
Монгол бөхтэй өдий жил салшгүй явж, өнөөг хүртэл бараг л цорын ганц илэрхийлэл нь болж ирсэн шинж бол бөхийн жудаг ёс байдаг. Монгол бөхийн жудаг гэдэг зан чанар, төлөв байдлын дээд л гэсэн үг.
Бөх хүн гэдэг зүгээр л нэг сайхан бие, чадал бяр, уран сайхан мэхнээс бүрддэггүй. Тэр жудаг гээч зүйл нь бөхийг авч явдаг. Хэдэн мянган жилийн турш монголчуудыг бөхийн барилдаанаа Шимтэн үзэгч байлгасаар ирсэн байх юм. Одоо ид барилдаж, бас шавь бэлдэж буй Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй байна.
Түүнийг бөх сонирхогчид энэ цаг үеийн жудагтай сайхан бөхөөр шулуухан нэрлэдэг. Т.Өсөх-ирээдүй харцага туйлын даруухан нэгэн. Мэдрэмжтэй, даацтай мэхтэй сайн бөх. Хамгийн гол нь унасан ч, давсан ч учраа бөхдөө хүндэтгэлтэй, жудагтай ханддаг. Тэрээр өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөртэй бөхийн барилдаанд үзүүрлэсэн.
Залуу аварга С.Мөнхбаттай үзүүр, түрүү булаалдсан. Засуул “Чи давчихсан” гэхэд нь аваргатай хамт дэвсэн талаараа “Би унасан. Засуул дохихоор нь дэвээд жаахан түргэдчихлээ” гэсэн. Тэр барилдаанаас сарын өмнө заалны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайханд хүчтэй шидүүлж уначихаад “…Арай л хатуу уналаа. Барцад арилсан байх аа” гээд хэнэггүйхэн ярьж зогссон.
Бас том П.Сүхбат агсан байна. Түүнийг бөх сонирхогчид сайн мэднэ. Жудаг гээч Том гарьдаас л ханхалдаг байв. Сайхан барилдаан сайхаан. Сайхан барилдаанаас сэтгэлийн таашаал авна. Унавал цуг унана, давбал дагаж давна. Нутгийн бөх нь түрүүлбэл байгаагаа бариад л гүйнэ. Тэгтэл нь цэнгүүлдэг эд шүү дээ, бөх гэдэг чинь.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд монгол бөхийн жудаг ёс сэвтэж эхэлсэн талаар ихээхэн ярих болсон. Архи уух, авгай эргүүлэх, зодоон цохион хийх, хар тамхины хэрэгт хүртэл орооцолдож байна. Гэхдээ энд дээрх мэтийн “хувь хүний алдаа эндэгдэл”-ийн тухай ярих гэсэнгүй.
Жилдээ ганц болдог улсын баяр наадмаар ганц байгаа цэнгэлдэхдээ чихэлдэж очоод л суудаг. Наадмын нээлт үзнэ. Хамгийн гол нь бөхөө харна даа. Аль нуттийн ямар бөх яаж барилдах нь вэ гээд л. Гэвч тэрхүү наадам маань сүүлийн жилүүдэд бөхийн торгон ногоон дэвжээ биш боксын ринг, эсвэл нохой зодооны талбар болчихсон мэт…
Хамгийн дуулиантай зодоон 2001 оны наадмаар болж байв. Арслан А.Сүхбат заан Г.Өсөхбаярыг давчихаад “бөлдөгдүүлсэн”-ийг манайхан сайн санаж байгаа. Одоо болохоор “Сүхбат намайг буугаад өгчих. Би аварга болъё. Дараа нь гурван удаа бууж өгье. Дүүг чинь ч заан болгоё” гэсэн хэмээн дархан аварга Г.Өсөхбаяр ярьж сууна. Харин А.Сүхбат нь “Тэр бол танхайн хэрэг байсан” гэв.
2011 оны наадмын зургаагийн даваанд харцага Л.Пүрэвжав тэр үед аймгийн арслан байсан Б.Пүрэвсайханд барьц сонгуулалгүй “займчиж” байгаад давсан гэдэг. Үүний хариуд Б.Пүрэвсайхан уначихаад харцагын гэдэс рүү хүчтэй өшиглөж бөөн юм болж байв. Мань Б.Пүрэвсайхан энэ жил Увсын 90 жилийн ойд зодоглоод нутгийн бөх, улсын арслан Н.Батсуурьт бараг л зодуулчихаад ирснийг бөх сонирхогчид харсан.
Г . Эрхэмбаяр аварга болдог жилээ тавын даваанд заан Б.Соронзонболдыг амлаж давсан. Б.Соронзонболд “доогуур” даваанд амлуулсандаа шаралхаж Г.Эрхэмбаяр арслангийн нүүрэн дундуур гөвж л харагдсан.
Өнгөрсөн жилийн наадмаар гурвын даваанд аймгийн арсланд өвдөг шороодсон улсын начин Б.Сугаржаргал харцага Д.Сэрээтэр гуайд “ухамсар”-ын шанаа өгсөн. Тэр үедээ уур унтуу
нь хүрч барьж дийлээгүйгээ Б.Сугаржаргал дараа нь хэлсэн байна лээ.
Гэхдээ олимп, дэлхийн хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэр гэдэг чинь өнөөдөр Б.Сугаржаргал шиг хүүд шанаадуулаад зогсож байх хүн мөн үү? Тэр тусмаа нэгэн цагт энэ дэвжээг өөрөө талхалж, олон сайхан аавын хүүтэй унаж босож барилдаж явсан харцага цолтон. Үе үеийн дориухан бөхчүүдийг өнөөх гөрмөл сураараа хүмүүжүүлэн бэлтгэж ирсэн Д.Сэрээтэр багш шүү дээ.
Ийм дээрээ л тулсан байна. Үүнээс гадна уначихаад тахимаа өгөхгүй байх, маргалдах, шүргэлцэх бол одоо “асуудал биш” болоод байгаа. Наадмын дэвжээн дээр ингэж зодолдож, ноцолдох нь “хор шарны учраас…” гэсэн ядмагхан тайлбартай хэдэн жил явж ирлээ. Энэ хэвээр үргэлжлэх аваас монгол хүү хэнийг дуурайж эр хүн болох, монголчуудыг юу үзэхээр наадна гэж?
Уг нь монгол бөхийн сайхан жудаг ам дамжин яригдсаар эдүгээд ирсэн л байх. Дархан аварга Ж.Мөнхбатыг “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэний дараа дархан аварга Д.Дамдин маань уулзаад “Баатрын тэмдгийг чинь мялаах юм алга. Харин энэ жилийн наадмын зүүний магнайг чамд өгье. Би барилдахгүй өнжинө. Чи зүүнээс босч барилдаарай” гэжээ. Энэ мэтчилэн жудаг харуулсан сайхан бөхчүүд үеийн үед байсаар иржээ. Тэдний үлгэрийг өнөөгийнхөнд яаж үлгэрлүүлнэ гэдэг хэцүүхэн асуудал болж хувираад байна.
2001 оны ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд улсын арслан А.Сүхбат, улсын заан Г.Өсөхбаяртай тунаж барилдав. А.Сүхбат нь Г.Өсөхбаярын хөлийг авч, ард нь гарч өвдөг шороодуулсан. Гэвч барилдаан ингээд дуусаагүй. Унасан заан босч ирэхдээ ардаа байсан арсланг тийрч наадмыг нанчилдаанаар өндөрлүүлж байлаа.

URL:

Сэтгэгдэл бичих