Гутлын чанар, сайн мууг мэдэх энгийн аргууд

EDWARDS-SHOESТа бүхэндээ гутлын чанарыг хэрхэн таньж, жинхэнэ арьсыг хиймлээс хэрхэн ялгах талаар хэдэн зөвлөгөө өгье. Технологийн дэвшлийн улмаас орчин үед хиймэл арьсыг жинхэнээс ялгахад төвөгтэй болжээ. Юун түрүүнд гуталны шошгон дээрх дүрсийг харж ямар материалаар үйлдвэрлэсэн болохыг мэдэж болно.

  • Дэлгэсэн арьсны хэлбэр бүхий зураг байвал жинхэнэ арьсаар хийснийг илэрхийлнэ.
  • Ромбоны дүрс байвал синтетик буюу хиймэл материалаар хийсэн гэсэн үг.
  • Даавуун буюу нэхмэл материалаар хийсэн бол сүлжмэлийн дүрсээр илэрхийлдэг.

Гуталны цахилгааны дагуу барьж оёсон цэвэр арьсанд бүү хууртаарай. Биднийг төөрөгдүүлэх гэж л ингэдэг юм. Хиймэл арьсны ар талыг харуулахгүйн тулд ирмэгийг нь нугалж оёсон байдаг. Арьсыг танихын тулд гутлыг алгаараа дараад хэсэг байхад амархан танигдана. Жинхэнэ арьс бол хэсэг хугацааны дараа бүлээн болдог бол хиймэл арьс сэрүү татах мэдрэмж төрүүлдэг. Алгаа салгахад хиймэл арьсан дээр чийг үлдсэн байна. Үнэрээр нь ялгах бараг боломжгүй хиймэл арьсанд натурал үнэр шингээчихсэн байдаг. Гутал дээрээ ус дусааж шалгаж болно. Хиймэл арьсан дээр усны дусал тогтохгүй, харин жинхэнэ арьсан дээр тогтохоор барахгүй, хэсэг хугацааны дараа арьс руу шингээд орчихно.

Жинхэнэ илгэн арьсыг илэхэд тааламжтай, зөөлхөн байдаг. Барзгар байх учиргүй. Бага зэргийн нүхнүүд, зурааснууд байвал натурал чанарыг нь л илтгэнэ. Мөн гараараа илэхэд өнгө нь өөрчлөгдөх ёстой. Хуруугаараа дараад нэг үзэхэд чанартай арьс бол бага зэрэг үрчийгээд хэвэндээ орно. Хиймэл болон чанаргүй арьс бол үрчийхгүй, толигор хэвээрээ үлдэнэ. Чанартай арьс заавал зөөлөн, нимгэн байх албагүй. Хэтэрхий нимгэн арьсаар хийсэн гутал хэлбэрээ амархан алдахаас гадна, түрийтэй гутал бол түрий нь доош хунираад байдаг. Оёдлын ирмэгээр харагдаж байгаа арьсны зузааныг нь үз, 0,8–1,2 мм байвал зүгээр. Үүнээс зузаан бол амархан хагарал үүсдэг.

Гутал хийдэг бас нэгэн материал бол шахмал арьс юм. Үүнийг хаягдал арьсыг жижиглэн тээрэмдээд, цавуулаг бодистой хольж, өндөр даралтанд шахан өнгөн хэсгийг нь буддаг. Шахмал арьсыг дэлгэсэн арьсан дээр ромбо дүрстэйгээр тэмдэглэдэг. Мөн хиймэл аргаар гарган авсан арьсыг ч ингэж тэмдэглэдэг.

Гуталны доторх арьс ч гэсэн жигд, гөлгөр, элдэв хөл холгохоор товгор төвгөргүй байх ёстой. Доторх оёдлуудыг тэмтрэхэд ирмэг мэдрэгдэх ёсгүй. Үсэн дотортой гутал бол үснээс нь зулгаагаад үзээрэй чанаргүй бол сугараад л ирнэ. Гутлыг тавцан дээр тавиад хажуунаас нь хараарай. Өсгий нь тавцантай бүх хэсгээрээ харьцаж, харин өлмий нь бага зэрэг өргөгдсөн байх ёстой.

Хоншоор нь улнаас илүү гарсан хэсгүүд байх ёсгүй. Гуталны хоншоорыг ээтийлгэн нугалахад амархан нугарч буцаж хэвэндээ орж байвал сайн гутал гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих