1.4 тэрбумын хөрөнгө оруулалт таг гацжээ
Тус аймаг дахь Цагаан нуурын чөлөөт бүсийг 2005 онд байгуулсан. Тус бүсэд 2008-2011 оны хооронд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг чөлөөт бүс байгуулахад шаардлагатай бүхий л судалгааны ажлыг ян тан хийж, шалган нэврүүлэх байраа барьж, цахилгаанаа татжээ. Мөн Гааль, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах газартай ч хамтран ажиллах гэрээгээ байгуулсан байна.
Гэтэл харуул хамгаалалтын зардал байхгүйн улмаас бүх ажил зогсчээ. Харуул хамгаалалтын албыг гэрээгээр гүйцэтгэдэг олон компани бий. Тэд нэг жилийн турш 40 сая төгрөгөөр энэ ажлыг хариуцах санал тавьсан байна. Харин Хил хамгаалах газраар энэ үүргийг хашуулбал нутгийн гүнд оршдог тул ажилтны нэмэгдэл цалин энэ тэр гэсээр сардаа л 60 сая төгрөгийн зардал гарах тооцоо гарчээ. Гэвч Чөлөөт бүсийн захирагчид төсвөөс харуул хамгаалалтын зардлыг нь хуваарилаагүй. Үүний улмаас бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж, 708 га газартай чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэг ААН-үүд (дийлэнх нь монгол компаниуд) харзнасан байдалтай байгааг чөлөөт бүсийн захирагч С.Асылхан учирлаж байна.
Ирэх намар улсын төсвийг дахин тодотгож болзошгүй. Энэ үеэр Цагаан нуур чөлөөт бүсийн харуул хамгаалалт болон тэнд үүрэг гүйцэтгэх төрийн албан хаагчдын цалингийн зардлыг шийдчихвэл ААН-үүдэд газар олгож эхлэх юм.
Одоогоор бизнес төлөвлөгөөгөө илгээсэн 25 ААН энэ чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, казино, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээ мэдэгджээ. Мөн газрын тосны үйлдвэр байгуулах хоёр ч санал ирүүлсэн байна. Эдгээр үйлдвэр 16 км-ын урттай чөлөөт бүсэд үзвэр, үйлчилгээ үзүүлэх бусад ААН-д огтхон ч садаа болохгүй гэдэгт чөлөөт бүсийн захирагч итгэлтэй байв. Мөн хилийн зурвасаас 28 км-ын зайтай орших энэ бүсэд эхний хөрөнгө оруулагч үүдээ нээхэд л дараагийнх нь бэлэн болохыг холбогдох албаныхан тодрууллаа.
Тус аймгийн нутаг БНХАУ-тай Даянгийн боомтоор шууд хиллэдэг. Хятадын тал аймгийн удирдлагад нааштай хариу өгсөн тул Сагсай суман дахь Даянгийн боомт өмнө нь гурван цаг л ажилладаг байсан бол одоо өдөрт 6-10 цагийн турш нээлттэй байх болжээ. Удахгүй энэ боомтод 72 км урт гүүр барина. Бүх хөрөнгийг Хятадын талаас гаргахаар тохиролцжээ. Энэ мэтээр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дөт замаар экспортлох арга замыг эрэлхийлж байгаа аж.
URL: