Орон нутгаа хөгжүүлэх мөнгөөр наадамлажээ

ac72161e5c90ce47bigАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажиллажээ.

Тус аймаг нь Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу хөндлөнгийн Шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр өмнөх оноос үнэлгээ буурсан явдалд дүгнэлт хийж, нэлээд ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байгааг сайшаан тэмдэглэж байна.

Харин ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад аймгийн төв болон зарим сумдад дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ.

Тухайлбал, Зарим сумын Засаг дарга нараас иргэд байгууллагад хандан ойн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүсэлт гарган хандив авах ажлыг зохион байгуулах, ялангуяа Даланжаргалан суманд үргэлжлүүлэн хандив цуглуулж байгаа нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх “… Санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчих, Аймаг, сумдын Засаг дарга нар тус аймагт ажилласан УИХ, Засгийн газрын гишүүн, албаны хүмүүсийг хүлээн авах, Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ойн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах, сүм овооны тахилга, суваргын нээлт, морины уралдаан зохион байгуулах гэх мэт олон арга хэмжээний хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д заасныг баримтлаагүй байх бөгөөд Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон нутгийн чанартай наадам, урлаг спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, салбарын ой тэмдэглэх зэргийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглохоор заасныг зөрчиж, үр ашиггүй зарцуулсан шийдвэрүүд гаргах, Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс Баяр наадмын зардалд Засгийн газрын тогтоосон жишиг хэмжээнээс хэт их хэтрүүлэн төлөвлөж, зарцуулах зэрэг зөрчил илэрчээ.

Мөн Хатанбулаг суманд Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгөөр иргэдийн санал аваагүй 60 ортой хүүхдийн дотуур байрны барилгын  санхүүжилтэд 200 000 000 төгрөг олгож Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг орон нутгийн иргэдийн саналыг аваагүй … зардал арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн дутагдлыг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мэдэгдэв.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих