Есдүгээр сарын 1-нээс согтуу жолооч нарт дараах хариуцлагыг хүлээлгэнэ

IMG_3487Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын тоо буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. 2015 оны 07 дугаар сарын 10-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1272 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Өнгөрсөн баасан гаригт гэхэд 135 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлжээ. Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байгааг албаныхан хэлж байна.

2015 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал,

Хуулийн 27.1-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.”

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.” Хэмээн тус тус заажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих