Манай улс баяжмалаа хамгийн өндөр үнээр экспортложээ
Нүүрсний салбарынхан зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртэг шингээсэн бүтээгдэхүүн гаргахад тээврийн зардлыг бууруулахаас эхлээд цахилгаан эрчим хүч экспортлох асуудал их байдаг билээ. Монгол Улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс 32 орчим тэрбум тонн нь батлагдсан нөөц аж. Нөөцийн ихэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг. Энэ нүүрсийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой.
Энэ нь манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт жагсах үзүүлэлт болсон юм. Харин Баруун болон Хангайн бүсийн нүүрсний нөөц судлагдаагүй гэдэг. Албаныхны хэлдэгээр манай улс БНХАУ Хятад улсад 20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум тонн нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон гэх нь бий. Мөн Япон улс, БНСУ болон Зүүн Өмнөд Азийн бусад улс орнуудад нүүрс нийлүүлэх боломжийн талаар харилцагч талуудтай яриа хэлэлцээр хийж байгаа гэдэг. Өмнөд хөршид нийлүүлж буй нүүрсний хэмжээгээрээ 2013 оны байдлаар хоёрдугаарт орж байсан ч өнгөрөгч оноос хойш энэ байр бага зэрэг ганхаж, Хятад улс ч хямд хар алт хайх болсон. Харин манай улсын хувьд бусад орнуудаас дунджаар хоёр дахин бага үнээр нийлүүлж байна. 2013 оны байдлаар гэхэд коксжих нүүрсний үнийг дунджаар 73 ам.доллараар экспортолж байсан бол өнгөрсөн оны өдийд 126 ам.доллар байсан бол энэ жил 98 ам.доллар болж буурчээ. Гэтэл нүүрс тээвэрлэх зардал нь 100 ам.доллар. Ийн алдагдалтай байгаа ч зах зээлээ алдахгүйн тулд компаниуд нүүрсээ нийлүүлж байх жишээтэй. Хэрэглэгчээ алдвал дахин итгэлийг нь сэргээхэд хэцүү.
Тиймээс урт хугацаанд байнгын ажиллагаатай байхын тулд алдагдалтай ч гэсэн нийлүүлэлтээ явуулах хэрэгтэй хэмээн нүүрс нийлүүлэгчид хэлж байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтээр хар алтнаас татгалзах болсон цагт манай улсын стратегийн голлох бүтээгдэхүүн болох коксжих нүүрсийг “дурамчхандуу” худалдаж авч буй нь өмнөд хөршийнхөн. Манай улс энэ оны эхний хагас жилд урд хөршийн зэсийн хүдэр болон баяжмалын импорт 10 хувиар өсч, зургаан сая тонн болсон байна. Тайлант хугацаанд Хятадын гол нийлүүлэгчдээс Монгол Улсын баяжмалын үнэ хамгийн өндөр байжээ. Импортын хэмжээг задлаад харвал, өмнөд хөрш Монгол улсаас эхний хагас жилд нийт 1.12 тэрбум ам.долларын үнэ бүхий 630 гаруй мянган тонн зэсийн баяжмал импортолсон байна. Энэ нь “Оюу Толгой”-н экспорт эхлээд удаагүй байсан өнгөрсөн онтой харьцуулахад 79 хувиар нэмэгдсэн дүн болсон төдийгүй нэг тонн баяжмалыг 1800 орчим ам.доллараар борлуулснаас болсон гэж Хятадын Статистикийн товчоо мэдээлжээ.
Харин сарын дүнгээр аваад үзвэл, өнгөрсөн сард Монгол Улсаас 124 мянган тонн баяжмал импортолсон нь энэ оны хамгийн их хэмжээнд тооцогдож байна. Хятадын бусад гол нийлүүлэгчдийн харвал, Чили улс хагас жилд 2.75 тэрбум ам.долларын үнэ бүхий 1.6 сая тонн хүдэр болон баяжмал нийлүүлсэн байна. Харин Перу улс 1.6 орчим тэрбум ам.долларын үнэ бүхий нэг сая тонн баяжмал, хүдэр экспортолсон байна.
Ж.ЧИМЭГ
builder.mn
URL: