Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан энэ сарын 4-10-ныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компаниудтай  нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж байгаа 19 аж ахуйн нэгжийн 40 обьектыг хамруулсан байна. Шалгалтын шатанд “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компаниуд нь нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авч, эфель угаах үйл ажиллагааг эхлүүлсэн нь тогтоогджээ. Компаниуд нь дээрх үйл ажиллагааг явуулснаар Гол мөрний урсац бүрдэх эх, усны хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн төдийгүй Харгуйт, Будант, Өлзийт тээл, Их тээлийн голын усыг их хэмжээгээр бохирдуулсан болох нь тогтоогдсон байна. Тэр ч байтугай Архангай аймгийн ИТХ, Засаг дарга, Цэнхэр сумын ИТХ, Засаг даргын зүгээс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилладаггүй нь ажлын хэсгийнхний шалгалтын явцад тогтоогджээ. Тухайлбал, Цэнхэр сумын ИТХ-аас дээрх хууль бус үйл ажиллагааг дэмжсэн тогтоол гаргаж, хандив төлбөр авч ирсэн байсан аж. Тиймээс эдгээр 19 аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар бүрмөсөн зогсоож, хууль бус үйл ажиллагааг дахин гаргуулахгүй байх зорилгоор алт угаах нийт 40 төхөөрөмжийг нь хураажээ. Мөн байгаль орчны багц хуулийн холбогдох заалтыг зөрчсөн аж ахуй нэгжүүдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Г.Дарь

URL:

Сэтгэгдэл бичих