Ухаангүй ноёнд урагшгүй албат буюу усан хөшигний паян

143813080755b8227746478Улаанбаатар хот маань нэг үеэ бодвол өнгө засч, хүрээгээ тэлж байна. Гадна, дотныхонд нийслэл хот хэмээн хэлэхэд нүүр улаахааргүй л боллоо.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нүглийн нүдийг гурилаар хуурсан байгууламжууд мэр сэр байх юм аа. Тэдний нэг нь Арслантай гүүрний усан хөшиг. Хүүхдийн тоглоом шиг энэ элгийн зүйл иргэдийн бухимдлыг сүүлийн үед ихэд төрүүлж байна. 70 саяын өртөгөөр боссон уг марзан эдийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор санаачлан хийлгэжээ.

Асар өндөр үнээр боссон уг усан хөшигт бусдыг гайхуулж, нүд баясгах зүйл түй ч алга. Зарим газраа скочтой, хэдхэн төмөр холбоод гагнасан байх жишээтэй. Ядахдаа л гагнасан төмрөө будчихаж болоогүй юм байхдаа. Бүхэл бүтэн улсын нийслэл хотод инженер, архитетурч гэж огт байхдаггүй юм шиг л зүйл хийжээ. Ажил гүйцэтгэгч компани нь “Хан урсгал” хэмээх хувийн компани гэнэ. Хийж байгаа, хийлгэж байгаа хоёрын сэтгэл дутахаар л ийм зүйл болж байгаа хэрэг.

Усан хөшиг гэх шидэт эдийн паян дуусах болоогүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт сүртэй нээлт хийж нийслэл, дүүргийн эрхтэн дархтан, эвэртэн туурайтнууд нь гүйлдэж ирээд тууз хайчилж зогссон. Уг нь Сөүл хотын Banpo гүүрний алдарт усан хөшгийг дуурайлган хийхээр зураг төсөл үзүүлж байж зөвшөөрүүлсэн сураг гарсан. Гэвч дуурайх нь байтугай дөхүүлж ч чадсангүй. Түүгээр ч зогсохгүй усан хөшиг нь арав ч хонолгүй эвдэрлээ гэх яриа олныг гонсойлголоо. Хэрэв тийм бол үүнээс өөр бүх цаг үеийн түүхэнд Улаанбаатар хотод хийгдсэн ичиж үхмээр ажил байхгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Хамгийн сүүлд авсан мэдээлэлээр дээрх усан хөшиг бүрэн дуусаагүй байхад нь тууз хайчилж бэлэн болсон хэмээн олонд зарлаж, дөвчигнөжээ. Ер нь яагаад ажил дуусаагүй байхад дарга нар тууз хайчилсан юм бэ. Тууз хайчлах хачин дон энэ хэдэн дарга нарт суучихсантай холбоотой юу. Ерөнхий сайдаас авахуулаад багийн дарга нь хүртэл тууз хайчилдаг хачин зуршилтай болжээ.

Төсвийн мөнгийг үргүй зарсан уг хэргийн буруутан нь хэн бэ.

Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Нийт үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл НӨҮГ-ынханаас 70 саяын усан хөшигний талаар тодруулахад “Мэдэхгүй, энэ талаар ярьмааргүй байна” гэх мэт зүйлсийг хэлэх юм.

Төсвийн мөнгийг туйлсан уг хэрэг явж, явж хотын дарга Б.Бат-Үүл баатрын толгой дээр буух бололтой. Сошиал медиагаар ч түүнийг буруутгаад эхэлсэн байна. Зарим нь түүнийг “Ус зайлуулах шугамын дэлийн хэмжээний мэргэжилтэн Э.Бат-Үүл” хэмээн шоглож байна.

Уг нь улс орны эдийн засаг туйлдаа хүрч олон хүн идэх хоолгүй, төрөх дөхсөн эмэгтэйчүүд нь хэвтэх эмнэлэг ч үгүй байхад Хотын дарга Э.Бат-Үүл усан оргилуур хийж шоудаж байгаа нь харамсалтай.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих