Армений монгол бүсгүй: Иргэншил авах хэцүү замыг туулж байна

Энэ бүсгүйг Оюунчимэгийн Баяндолгор буюу Баянаа гэдэг. Тэрээр охин Варсик, хүү Аршак нарын хамт Армены Гегаркуникс мужийн Антарамеч тосгонд амьдардаг.

ab790e37484f3076d14a7c412ecfd8a797e7fe4f

Тэрээр 14 жилийн өмнө нөхөр Граат Ерицянтай гэр бүл болжээ. Тэр үед Граат Улаанбаатар хотод барилгачнаар ажилладаг байж. Тэдний хүүхдүүд Варсик, Аршак хоёр Улаанбаатар хотод төржээ.

Граат зүрхний өвчтэй байсан тул эмч нар түүнд Монголоос нам дор газар амьдрахыг санал болгосноор 2011 онд Арменд нүүж ирлээ. Граат уул нь Мартунь тосгоноос гаралтай ч тэнд амьдрах газар байсангүй тул Антарамеч тосгонд нурж унах шахсан нэгэн байшин олж түүнийгээ засаж сэлбэн амьдрах болжээ. Харамсалтай нь Граат 2015 онд зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байна.

Антарамеч бол Гегамын уулсын хормойд орших жижигхээн тосгон. Энд ердөө 163 хүн л оршин суудаг. Анх Азербайжаны Шамхорын мужид амьдарч асан армян хүмүүс нутаг сэлгэн нүүдэллэж ирж амьдрах болсноор 1988-1989 оны үед Антарамеч тосгон бий болжээ. Тосгоныхны гол амин зуулга нь мал маллаж, тариа ногоо тарих ажил юм.

Далайн төвшнөөс 1575 м өндөрт орших Антарамеч тосгонд хүрэхийн тулд бид машинаа орхиж, эвдэрч нураад явахын эцэсгүй болсон шороон замаар ачааны машинаар сэгсчүүлж хүрэхээс өөр арга байсангүй.

Биднийг Мартунь тосгоноос газарчилж явсан Арцрун гэх залуу Чамбаракс районд Монголоос ирсэн армян гэр бүлийг танихгүй хүн байхгүй гэлээ. Монгол бүсгүй Баянаа ганцаараа ой руу мод бэлтгэхээр яваад илжгэн тэргэнд ачаад ирж байгаа харагддаг гэнэ.

Баянаагийн гэр лүү очихын тулд балжингарав цэцэг алагласан талбайгаар явж өнгөрөх боллоо. Хүрч очвол ганц модноос дудрантай илжиг уясан харагдана. Байшингийн довжоо болон тагтан дээр дэгдээхэйнүүд гүйлдэнэ. Машин ирэх чимээнээр Варсик, Аршак хоёр гүйн гарч ирлээ. Харин Баянаа гэнэтхэн юун хүмүүс ирэв гэсэн байдалтай гайхан зогсоно. Эх ч тэр, хүүхдүүд ч армян үндэстэнтэй огт төсгүй царайтай мөртлөө армян хэлээр мэндчилж, гэртээ урих нь сонин.

Баянаагийн хэлж байгаагаар хүүхдүүд нь армян хэлээр өөрөөс нь дээр ярьдаг гэнэ. Эхний хоёр гурван жил тэд гэртээ оросоор ярьдаг байжээ. Харин дараа нь Улаанбаатарт амьдардаг армянууд гэрт нь ирж ярьдаг байсан тул бага багаар армян хэл сурч эхэлсэн гэж дурсамжаа хуваалцлаа.

“Арменд ирсний дараа хэл мэдэхгүй хэцүү байсан ч одоо бол тосгоныхонтой яаж ийгээд ойлголцдог. Харин хүүхдүүд олон шинэ зүйлд дасч сурах хэрэгтэй болсон” гэлээ. Энд ирснээр хүүхдүүд нь эх хэлээ мартаж байгаа ч хүүхдүүдийг олон зүйлээр дараад яахав. Нэгэнт энд амьдарч байгаа учир эхлээд армян хэлээ сайн сураг. Дараа нь нэгэнт эх хэл юм чинь монгол хэлээ санах байх гэж боддог гэнэ.

9 настай Аршак, 11 настай Варсик хоёр Антарамеч тосгоныхоо сургуульд онц сурдаг. “Ээжийн ах дүү нар Монголоос залгахад л бид монголоор ярьдаг. Би ойлгохыг хичээдэг ч тэд дэндүү хурдан яриад байдаг юмаа” гэж Аршак хэлж байна.

Монголд  байгаа ах дүүстэйгээ харьцдаг гол суваг нь цахим сүлжээ гэнэ. Эндээс Монгол руу ярих маш үнэтэй тул Баянаа бараг залгадаггүй гэлээ. 1 минутын яриа 520 армян драм болдог байна. Ах дүү нар нь ирье гэвч бас л санхүү мөнгөний гачаалаас болоод чаддаггүй гэнэ.

Баянаагийн аав ээж, гэр бүлийн бүх түүх ганцхан жижигхэн улаан зургийн цомогт багтжээ. Энэхүү зургийн цомог ээжид нь аминаас илүү үнэтэй гэж Варсик хэлж байна. Альбомд олон зураг байсны нэг нь Баянаа тайзан дээр дуулж байгаа зураг. Тэрээр Монголд байхдаа газар хагалж, тариа ногоо тарих, мал маллах талаар “А” ч үгүй байжээ. Учир нь тэр дуучин байсан гэнэ.

“Нурж унах шахсан энэ байшинг анх хараад би золтой л зугтчихаагүй. Дараа нь нөхөртэйгөө нийлж засч сэлбэж, ариун цэврийн өрөө хийгээд арай л дээрдсэн л дээ. Тэр маань харин дуусгаж амжаагүй…” хэмээн Баянаа гуингтай дурсана. Харин тосгоны ажил амьдралд дасахад нь нөхөр нь бас хөршүүд нь туслажээ. “Дараа жил хашаа хороогоо янзлаад, үхэр хонь тэжээж, тагтаа будаад хүн шиг амьдарнаа” гэж байна.

“Эрүүл л байвал бүх зүйл болно доо” гэлээ. Хүүхдүүд нь янз бүрээр д тус дэм болж байна. Аршак гэхэд л ой руу хамт явж мод бэлддэг. Харин Варсик гэрээ харж үлдээд дэгдээхэйнүүдээ тэжээдэг.

“Аав Аршак бид хоёрыг сургуульд ороод сайн сурвал дугуй авч өгнө гэдэг байсан. Бид хоёр хоёулаа онц сурч байгаа. Харин аав маань л үүнийг үзэж чадсангүй нас барчихлаа. Гэсэн ч бид аавдаа амалсан ёсоороо онц сурч, амжилтанд хүрнэ” гэж Варсик ярьсан.

Хүүхдүүд сургуульдаа онц сурна. Аршак бүх хичээлдээ дуртай ч зургийн хичээлдээ бол онцгой дуртай гэнэ. “Сайхан зураг зурахын тулд сайхан зантай (настроение) байх хэрэгтэй” гэж онолдож байна.

Эгчээсээ ялгаатай нь Аршак хүү ичимхий, үг дуу цөөнтэй юм. Варсик охин харин их сэргэлэн цовоо, ирэнгүүтээ л тосгоны хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөөд дүүгээ дагуулан тэдэнтэй хамт янз бүрийн тоглоом зохиож тоглох болсон гэнэ. “Эхэндээ хүүхдүүд намайг монгол охин гэдэг байсан. Одоо харин армян охин гэдэг болсон” гэж Варсик хэллээ.

Сургуульд y, армян хэлнээс гадна орос, франц хэл үздэг. Харин англи хэлний багшгүйгээс англи хэл ордоггүйд сэтгэл гонсгор байдаг аж. Тэр байтугай сургуульд нь номын сан байхгүй, хүүхдүүдэд өгч уншуулах ном ч байдаггүй юм байна. Харин тосгоны нэг айл гайгүй сайн номын сантай, тэднийхээс Варсик охин долоо хоног бүр ном зээлж уншдаг.

“Ээж намайг жижиг нимгэн номноос эхэлж уншаад дараа нь зузаан ном руу шилжээрэй гэдэг. Харин би зузаан ном унших сонирхолтой. Ялангуяа Армений түүхийн ном унших дуртай” гэж тэр хэлсэн юм.

Тосгоныхонд бас нэг бэрхшээлтэй зүйл нь эмчид үзүүлэхийн тулд заавал хөрш зэргэлдээ тосгон юм уу, район руу явах хэрэгтэй болдог. Хамгийн ойрын эмчид хүрэхийн тулд маш хэцүү замаар дор хаяж 8 цаг явж байж зэргэлдээ Дпрабак тосгонд хүрнэ. Харин эм тан хэрэгтэй болбол өөр тосгон, суурин руу явж байгаа хүнд захиж ойр зуурын эм тан авчруулдаг  байна.

Энэ оны 3-р сард Баянаа хүүхдүүддээ эцэг тогтоолгож, иргэншил олгуулахаар холбогдох байгууллагад ханджээ. Учир нь Граац Ерицян, Баянаа хоёр Монголд байхдаа Армений дипломат төлөөлөгчийн газар байхгүйгээс Граат Арменид гэрлэж байгаагүйгээ батлах бичиг авч чадаагүйгээс гэр бүлээ албан ёсоор батлуулж чадаагүй аж.

Баянаагийн хүсэлтийн дагуу Варсик, Аршак хоёрыг Монголд төрснийг гэрчлэх төрсний гэрчилгээний хуулбар авахаар Армений Хууль зүйн яамнаас Гадаад харилцааны яаманд ханджээ. Харин тэд Казакстанд суугаа Армений ЭСЯ-аар дамжуулан авах хүсэлт тавьсан ч одоо хүртэл хариу ирээгүй байгаа юм байна.

Армений Цагдаагийн газрын Паспорт болон Визний тасгаас Баяндолгорд бас нэг албан бичиг ирсэн нь “хүсэлтийг нь шалгаж, зохих арга хэмжээ авахад” нөхөр нь нас барсныг гэрчлэх гэрчилгээ, Баяндолгор болон хүүхдүүдийн паспортын хуулгыг ирүүлэхийг шаардсаны дагуу Баянаа бичиг баримтыг бүрдүүлээд илгээжээ. Одоо харин тэр хариугаа хүлээж байгаа аж. Баяндолгорын хүүхдүүддээ эцэг тогтоолгож, иргэншил авах тухай асуудал ямар шатанд яваа талаар бид (Hetq.am) мөн Армений Цагдаагийн газрын Паспорт болон Виз хариуцсан тасагт хандсан болно.

Баянаа хүүхдүүдийн хамт Арменаас явах бодолгүй байна. Учир нь тэд өөрсдийгөө энэ орны үнэ цэнтэй иргэдийн нэг гэж үздэг. Тэд аль болох хурдан иргэншлээ авч, хүүхдүүд нь сайн боловсрол эзэмшиж, ирээдүйд ажилтай болно гэж итгэдэг.

“Би буцах тухай огт боддоггүй. Хүүхдүүд маань одоо 4-5-р ангид сурч байна. Одоо би хаачихав дээ. Хүүхдүүд маань монгол хэлээ мартсан. Очоод ямар сургуульд хүүхдүүд маань сурахав…” гэж Баянаа ярьж байна.

Зураг: hetq.am

Эх сурвалж: hetq.am

Линк: http://asiarussia.ru/persons/8447/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.МөнхбаярE-mail: tsmunkhbayar@yahoo.com
Утас: 76110303, 76110505


URL:

Сэтгэгдэл бичих