Монголд жилд дунджаар 2600 хүн элэгний хорт хавдраар нас бардаг
“ЭРҮҮЛ ЭЛЭГ-2020” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусыг эрт үед нь илрүүлэх шинжилгээг нийслэл болоод орон нутагт эхлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд элэгний С вирусээр өвчилж, хорт хавдраар нас барж байгаа өвчтөн эрс залуужиж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон байна.
2012 оноос бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт хепатитийн вируст өвчлөлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан хепатитийн “А” вируст халдварын эсрэг вакциныг 2011 оноос нэвтрүүлэн, үндэсний товлолд оруулснаар өвчлөлийн түвшин сүүлийн таван жилийн дунджаар 10,000 хүн ам тутамд 25 байсан бол 2013 онд 5,7 болж бараг тав дахин буурчээ.
Элэгний хорт хавдрын өвчлөлийг улс орон бүрээр гаргасан жагсаалтад Монгол Улс 86.9 хувийн үзүүлэлтээр эхний байрт орсон байна
Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг бөгөөд уг вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг байна. Монгол Улс Азид С вирусын халдвараар тэргүүлдэг. Монголын хүн амын 10 хувь нь В вирусын идэвхтэй халдвартай гэсэн тоо ч бий.
Тодруулбал, элэгний хорт хавдар манай оронд 100 мянган хүн тутамд 138 оногдож байгаа. Харин дэлхийд дунджаар энэ өвчин 100 мянган хүн тутамд 1-2 тохиолддог аж. Олон мянган хүний алтан амь авч одож буй энэхүү өвчлөл хүн амд чимээгүйхэн нүүрлэж байгааг статистик судалгаа харуулж байгаа юм. Элэгний В, С вирүс мэс засал, тариураар, A вирүс бохир гар буюу ариун цэвэр муу сахиснаас болдог гэдэг. Элэгний эмгэг үүсгэгч есөн төрлийн вирүс байдгаас манай улсад тавыг нь тодорхойлдог аж. Үүнээс В, С вирүсийн маркерийг голчлон тодорхойлдог байна.
Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог. Тухайлбал тамхи татдаг хүмүүсийн уушиг болон элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог бол архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь хатуулаг бодисыг задалж дийлдэггүй аж.
Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын,
-60 хувь нь “В” вируст
-25 хувь нь “С” вируст
-3 хувь нь хавсарсан халдвар
-12 хувь нь архи, химийн хордлого гэх мэт шалтгаанаас үүсдэг болохыг тогтоожээ.
URL: