С.Билэгт: Г.Буяндорж надад хайр сэтгэлээ илчилж, үнэтэй бэлэг өгдөг байсан
Г.Буянтогтох нарын хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүн хэлэлцлээ. Шүүх хурлын шүүгчээр Л.Батжаргал, улсын яллагчаар Ц.Мөнхжаргал нар ажилласан юм.
Шүүх хуралдаан өдрийн 13:30 цагт эхэлж, үдшийн 23:00 цаг болтол үргэлжлэн явагдсан ч өнөөдөр дахин шүүхийг хуралдуулахаар боллоо. Уг шүүх хурлын олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан асуудал бол эх сурвалжаа дурдан нийтлэл бичсэнийхээ төлөө цагдан хоригдож, эрүү үүсгэн шалгуулж буй С.Баттулга сэтгүүлчийг хэрхэх тухай байлаа.
Ингээд шүүх хуралдаанаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргье.
Шүүгдэгч Г.Буяндорж нь эрүүгийн хэргийн тусгай зүйлийн 253-ын 253.1 дэх хэсэгт С.Билэгт, Наранхишигт нар нь бүлэглэн 2013 оны гуравдугаар сард “Ноёд констракшн ХХК-ийн барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр гэрээ хийж гэрээний урьдчилгаа болох 65 сая төгрөг залилан мэхэлж авсан гэж бусдыг илтэд онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж хүнд хор уршиг учруулсан,
Мөн яллагдагч Г.Буяндорж, С.Баттулга нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2013 оны зургадугаар сарын 04-ний өдөр info.mn вэб сайтад “эрэн сурвалжлагдаж буй хамтран иргэдээс 5,4 тэрбум төгрөг залилсан С.Билэгтийн тухай ноцтой баримтуудыг хүргэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлж иргэн С.Билэгтийг гүтгэсэн үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хохирогч гэгдэж буй С.Билэгт хоёр өмгөөлөгчтэй уг хуралд хүрэлцэн ирсэн бол Г.Буяндорж тэргүүтэй шүүгдэгч нар тус бүрдээ өмгөөлөгчтэйгээ ирж, хуралдаанд оролцов. Сэтгүүлч С.Баттулгын өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажилласан юм.
Өмгөөлөгч Г.Батбаярыг бид УИХ-ын гишүүн Х.Тэмүжин, О.Баасанхүү нарын зүүсгэлээр нэрлэгдэж асан Г.Сарангэрэлд хамаарах хар тамхины хэргийг өмгөөлж байснаар нь сайн мэдэх юм.
Хурлын эхэнд хохирогч С.Билэгтийн талаас 45 хуудас бүхий нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн болоод Г.Буяндорж нарын өмгөөлөгчид танилцуулсан. Уг баримтуудад Ноёд группэд хамаарах аудитын тайлан, орон сууц авахаар гэрээ хийгдсэн иргэдийн буцаалтын баримт, улсын байцаагчийн акт тэргүүтэн байсан юм.
Г.Буяндорж нарын өмгөөлөгчдийн зүгээс уг баримтуудыг чухам ямар зорилгоор оруулж ирж буй нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж буйгаа илэрхийлснээр шүүх хуралдаан эхэлсэн юм.
Г.Буяндорж: Би хэргийн оролцогч биш
Шүүх хуралдааны эхэнд Г.Буяндорж, С.Баттулга нарын өмгөөлөгчдийн зүгээс мөнхүү нотлох баримтуудыг С.Билэгтийн талд танилцуулснаар хэлэлцүүлгийн үе шат руугаа орсон.
Энэ үеэр шүүгдэгч Г.Буяндорж өөрийн хамааран шалгагдаж буй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн юм. Тэрээр “С.Билэгт гэх эмэгтэй надтай анх таван өрөө байр авах нэрийдлээр Д.Батжаргалаар дамжуулан уулзаж байсан. Уг таван өрөө байрыг худалдан авахын тулд банкнаас зээл авах гэтэл урьдчилгаа 30 хувиа заавал төлсөн байх шаардлагатай гэнэ, намайг төлсөн гэх хуурамч баримт үйлдээд өгөөч” гэсэн хүсэлт тавьснаас хамаг хэрэг үүдсэн гэх тайлбарыг хийсэн юм.
Шүүгдэгч Г.Буяндоржийн мэдүүлснээр бол хохирогч гэгдэж буй С.Билэгт нь байрны мөнгийг бүрэн төлөөгүй байхдаа 6 тэрбумын төсөл хөтөлбөр авч өгнө хэмээн амлаж, н.Наранхишигт гэх хүнтэй холбон танилцуулсан аж.
Гэтэл н.Наранхишигт гэх хүн нь залилангийн хэргээр шалгагдаж байсан, эрэн сурвалжлагдаж буй иргэн байсныг хожим нь мэдсэн хэмээн мэдүүлж, 6 тэрбумын зээлийг авахын тулд С.Билэгтийн зөвлөснөөр өөрийн эзэмшлийн “Ноёд” группээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэмээн онцолсон юм.
Түүнчлэн анхлан С.Билэгтэд залилуулсан асуудлаар цагдаад өргөдөл гаргасан хэдий ч нэг л өдөр хэрэг нь Нийслэл рүү татагдаж, өөрт нь эрүү үүсэн шалгагдаж эхэлсэнд гомдолтой явдгаа илэрхийлж байлаа. Тэрээр “Би бизнесийн байгууллагад 19 жил зүтгэчихээд гомдол гаргасныхаа төлөө гүтгэгч болон эрүү үүсгэн шалгуулж буйдаа ихээхэн гомдолтой байна” хэмээн онцолсон юм.
Мөн энэ үеэр өөрийгөө хэргийн оролцогч биш гэдгээ мэдүүлсний зэрэгцээ С.Билэгт нь мөрдөн байцаалт болон шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлгээ байнга зөрүүлдэг, илтэд асуудалд хууран мэхлэхээр завддаг гэх тайлбарыг хийсэн юм.
С.Баттулга: Сэтгүүлзүй ард түмний шүүгч биш
Шүүгдэгч С.Баттулгааас С.Билэгтийн өмгөөлөгч Р.Оюунчимэг гэр бүл, үр хүүхэд, насны байдал зэрэг хувийн шинж чанартай зүйлс тодруулахыг хүссэн нь анхаарал татлаа. С.Баттулга “Би эдгээр асуултад хариулахгүй байх эрхээ эдэлнэ. Аюулгүй байдлаа бодож байна” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Мөн энэ үеэр өмгөөлөгч Р.Оюунчимэг “Сэтгүүлзүй бол ард түмний шүүгч гэж би ойлгодог. Та бүхэн зөв үнэнийг мэдээлэх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлэхэд сэтгүүлч С.Баттулга “Сэтгүүлзүй ард түмний шүүгч, яллагч биш. Олон нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэх үүрэгтэй” гэсэн тодруулгыг өглөө.
Шүүгдэгч С.Баттулга нь энэ үеэр өөрийн бичсэн “Эрэн сурвалжлагдаж буй хамтран иргэдээс 5.4 тэрбум төгрөг залилсан С.Билэгтийн тухай ноцтой баримтуудыг хүргэж байна” нийтлэлээ Г.Буяндоржийн өгсөн шүүхийн тогтоолуудад үндэслэн бичсэн болохоо онцолсон.
Түүнчлэн “Г.Буяндоржоос ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би анхнаасаа эх сурвалжаа нуугаагүй. Г.Буяндоржийн надад барьж ирсэн шүүхийн тогтоолууд хангалттай нотлох баримт мөн. С.Билэгтийн үйлдэж буй залилангийн шинж чанартай үйлдлүүд нь ОХУ-ын бизнесменүүдийг ангуучилдаг гэмт хэргийн шинжтэй төстэй санагдсан учраас би ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх үүднээс бичсэн” гэх тодруулгыг өгсөн юм.
Харин С.Билэгтийн талаас сэтгүүлч С.Баттулгыг уг мэдээллийг гарчигийг нь өөрчлөн санаатайгаар 43 сайтад нийтэлсэн болохыг баримтаар гэрчилнэ гэсэн бол сэтгүүчид өөрсдийн эрэн сурвалжлах сүлжээгээрээ мэдээллийг нийтэлснийг С.Баттулга тайлбарлаж байлаа.
Сэтгүүлч С.Баттулга нь “С.Билэгтийг би анхлан гүтгээд, залилан хийдэг эмэгтэй гээд нэрлэчихээгүй. Энэ төрлийн хэргээр өмнө нь шалгагдаж байсан хүн” гэх мэдүүлгийг мөн өглөө.
С.Билэгт: Г.Буяндорж надад хайр сэтгэлээ илчилж, үнэтэй бэлэг өгдөг байсан
Шүүх хуралдааны үеэр хамгийн их анхаарал татсан асуудал бол хохирогч гэгдэж буй С.Билэгтийн мэдүүлгийн зөрүүтэй байдал байв. Тэрээр анхлан “Ноёд” группийг худалдан авахдаа өгсөн гэдэг 540 сая төгрөг, таван өрөө байрны мөнгийг барагдуулсан байдал зэрэг нэлээдгүй олон баримтуудыг янз бүрээр тайлбарлаж буй нь нотлогдож байлаа.
Тэрээр Г.Буяндоржийн мэдүүлгээс тэс өөр зүйл ярьж, түүнийг анхнаасаа бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх тайлбарыг өгч байв. С.Билэгт нь “Ноёд” группийг худалдан авахад Х тайлантай, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй байсныг онцолж, таван давхар карказ цутгалттай орон сууцны ажлыг 540 сая төгрөгөөр үнэлэн авсан гэдгээ мэдүүлсэн. Мөн барилгын кран дагалдан ирсэн аж.
Хохирогч гэгдэж буй С.Билэгтийн зүгээс өнгөрсөн хугацаанд Г.Буяндоржийн учруулсан 169 сая төгрөгийн бодит хохирол, 332 сая төгрөгийн сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Харин Г.Буяндорж “Ноёд” групп анх зарагдсан 540 сая төгрөг дээр нэмээд тус байгууллагын барилгын ашиг болох 40 тэрбум орчим төгрөгийн өөрт учирсан хохирол гэж үзэж буйгаа мэдүүлсэн юм.
Шүүх хурлын хэлэлцүүлгийн дараа хавтаст хэргийг хянан нягтлах үеэр С.Билэгт мөрдөн байцаалтын үеэр “Г.Буяндорж бид хоёрын жил таарах юм байна. хайртай, дуртай гэсэн утга бүхий мессеж над руу удаа дараа бичдэг байсан. Мөн маш үнэтэй сүр бараа бүхий алт, мөнгөн эдлэлүүд өгснийг би даагаагүй. Мөн авахаас татгалзаж, орцондоо гаргаж тавьсан. …Миний төрсөн өдрөөр Г.Буяндорж ээмэг авч өгсөн” гэхчлэн мэдүүлснийг шүүгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс онцолсон.
Уг хачирхалтай мэдүүлгийг уншин танилцуулж байх үеэр Г.Буяндорж толгойгоо сэгсрэн инээвхийлж, харин С.Билэгтийн хувьд итгэлтэй царайтай суув. Хурлын үеэр шүүгдэгч, хохирогч талын өмгөөлөгч нар өөр хоорондоо үг шидэлцэж, хуралдааны дэгийг барихыг шүүгчийн зүгээс сануулж байлаа.
Ийнхүү Г.Буяндорж, С.Билэгт нарын тэс өөр мэдүүлэг бүхий шүүх хурал нотлох баримтуудын түвшинд мэтгэлзсээр шөнийн 23:00 цаг хүртэл үргэлжилсэн ч шүүхийн шийдвэр гарч амжаагүй юм. Өнөө өглөөний 09:00 цагаас үргэлжлэн хуралдаж буй шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Magadgui Hun shuu