Алжаал тайлах яруу найраг: Чи бидэн хоёр

22015727 (1)

Сэтгэлд хоногшсон дотно учрал, бага залуу насны үерхэл, эгдүүтэй харц, зүрх гижигдсэн хархан нүд, энгийн хэр нь эгдүү хүргэм өхөөрдөм бүсгүйчүүд яруу найрагчдын дэвтэрт ямар мөр болж мөнхлөгдсөн бол гэсэн бодол үе үе төрдөг сөн. Яруу найрагч бүр өөр өөрийн өнцгөөс гэгээн хайрыг тэмдэглэлийн дэвтэртэй мөнхөлж суудаг биз ээ. Ингээд энэ удаагийн “Алжаал тайлах яруу найраг”-ын хоромдоо Ган Үзэг 2010 Яруу найргийн наадмын тэргүүн байр “Чи бидэн хоёр” хэмээх шүлгийг орууллаа. Энэхүү шүлгийг яруу найрагч З.Эрдэнэтогтох бичжээ.

 

Чи бидэн хоёр

 

Чи бидэн хоёр

Арга билгээр сүлжилдсэн

Алтан мөнгөн загас байсан

Амьдрал гэдэг далайд өдөө чийглэсэн

Ангирын хоёр дэгдээхэй байсан

Гэвч

Дахин хэзээ ч биестэйгээ золгохгүй

Тэнгэр газар хоёр болсон

Дахин хэзээ ч болзож учрахгүй

Од чулуу хоёр болсон

 

Чи бидэн хоёр

 

Ишигний хоёр молцог шиг

Ижилдсэн хоёр хос байсан

Ээжийн хоёр мөөм шиг

Ивэлсэн их хайр байсан

Гэвч

Дахин хэзээ ч эрхэлж тоглохгүй

Бурхан чөтгөр хоёр болсон

Дахин хэзээ ч биесээ харахгүй

Өдөр шөнө хоёр болсон

 

Чи бидэн хоёр

 

Алхах мөрний минь тоогоор

Нүгэл хурдаг орчлонд

Ахин хэзээ ч сүлэлдэхгүй

Гэрэл сүүдэр хоёр болсон

 


URL:

Сэтгэгдэл бичих