Н.Алтанхуягийг дарахын тулд олон хүн яллах нь
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхэд шүүхээс таван жилийн ял төлөвлөсөн бол ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнгийн цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаж, мөн “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурьт ял төлөвлөхөөр улайрч байна. Үүнээс гадна эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүсийг нууц байдалд шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна. Тэр ч бүү хэл нэр бүхий УИХ-ын гишүүдийг ч шалгахаар зэхэж байгааг ч дуулгалаа.
Мэдээжийн хэрэг улстөрд “Алтангадас” нэрийн дор томоохон бизнес бүлэглэл үүсгэсэн Н.Алтанхуяг ба түүний нөхдийг дарж авах гэсэн кампанит ажил бололтой. Улстөрд үүсээд байгаа энэ ороо бусгаа байдлыг дарж авах нь тэргүүн үүрэг хэдий ч ганц нэгэн хүнийг дарж авахын тулд ийм олон хүн яллах нь зөв үү, буруу юу гэдгийг ч тунгаах зүйн хэрэг болжээ. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурь, Л.Гансүх нарт ял өгөх үндэслэл байхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.
Түүнээс бус цэл залуухан өндөр албан тушаалд орж ирсэн хүргэн дүү, тухайн цагт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хувьд бол яах аргагүй түүний хамсаатан байж таарна. Тэгэхээр Н.Алтанхуягийг дарж авахын тулд олон хүн яллах хэрэггүй хэмээн олонхи хүн үзэж байна.
Г.Дэнзэнгийн хувьд өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар тавдугаар сарын 21-ны өдрөөс цагдан хорьж, улмаар хорих хугацааг хоёр сараар сунгасан юм. Түүний хоригдох хугацаа дуусч байгаа ч хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан юм.
Баримт сөхвөл Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Харин тэрбээр энэ асуудалд “Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгчээ.
А.Гал
unen.mn
URL: