Боолын ёсыг халаагүй орон

3(30)

Боолчлох ёсыг дэлхий даяараа аль эрт халсан гэж бид боддог. Гэтэл одоо хүртэл боол эзэмшдэг цорын ганц улс байдаг нь Мавритан аж. Араб-берберүүд 1000 гаруй жилийн өмнө Африкийн энэ хэсгийг булаан эзэлж уугуул иргэд болох негрүүдийг эрхшээлдээ оруулсан байна. Тэр цагаас хойш араб айл өрх бүр хэд хэдэн афромавританчууд буюу харатинчуудыг боолын журмаар эзэмших болжээ. Боолчууд хэдэн зуун жилийн турш нэг нэр бүлийн сурвалжит мавританчуудад үйлчилсээр ирсэн бөгөөд өмч хөрөнгө мэтээр үе дамжин өвлөгддөг аж. Тэд мал хариулахаас эхлээд байшин барилга барих мэт янз бүрийн хар бор ажил хийнэ.

Боолын ёсыг халаагүй орон

Боолын зардалд сард 15 орчим доллар зарцуулагддаг гэдэг бөгөөд ашиг орлого нь түүнээс хавьгүй өндөр байх нь тодорхой. Хот суурин газрын боолчууд голдуу цэвэр ус зарж борлуулах ажил хийнэ. Хотын барилгын дөнгөж 40% нь ус дамжуулах хоолойтой, дээр нь Африкийн бүгчим халуунд үргэлж ам цангана. Иймээс боолууд өглөөнөөс орой болтол торхтой ус ачсан тэрэг түрэн шогшиж, өдөртөө 5-10 $ олдог нь эндэхийн ханшаар муугүй мөнгө аж.

Боол үе дамжин өвлөгдөх тул төрсөн хүүхдүүд нь ч бас эзний өмч болно. Тэднийг зарж, бэлэглэж, инж, сүйнд өгч эсвэл өв залгамжлагчдаа үлдээсэн ч болно. Уламжлал ёсоор эр хүний хөрөнгө чинээг татвар эмсийнх нь тоогоор шинждэг. Одоогоор энэ улсад хүн амын 20% буюу 600 000 нь боол байдаг гэнэ.

Боолын ёсыг халаагүй орон

Албан ёсоор боолын нийгмийг халсан нэртэй ч, энэ нь хоосон үг төдий аж. Тэр ч бүү хэл цагдаагийн газар хүртэл боолын ёсыг дэмжиж, эсэргүүцэн тэмцэгч нарыг шоронд хорих нь энгийн үзэгдэл. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “боол” гэдэг үг хэрэглэхийг хоригложээ. Энэ улсын түүхэнд боол эзэмшигч хариуцлага хүлээсэн тохиолдол цор ганц байдаг гэнэ.

Уг нь Мавританд боолын ёсыг халах оролдлого 3 ч удаа болжээ. Бүр 1905 онд колончлогчид боолыг ёсыг халсан хууль гаргаж, 1961 онд Мавританийн үндсэн хуулиар дээрх тунхаглалыг баталсан ч юу ч өөрчлөгдсөнгүй. 1978 онд ерөнхийлөгч Муктар Ульд Дадда энэ асуудлыг дахин хөндсөн боловч төрийн эргэлт болж юу ч өөрчлөх боломжгүй болов. 1981 онд засгийн газраас бүх боолчуудыг эрх чөлөөтэй хэмээн зарлажээ. Гэхдээ энэ нь маш их “цоорхой” хууль байсныг хэлэх хэрэгтэй. Адаглаж л хуулийн энэ заалтыг зөрчсөн этгээд ямар хариуцлага хүлээх нь тун бүрхэг, иймээс бүх зүйл хуучнаараа үлдэв.

Боолын ёсыг халаагүй орон

2007 онд «Сайн сайхны төлөө боолын ёсыг халцгаая!» гэсэн сүржин уриа, татварыг хөнгөлөх, улсын төсвийн алдагдлыг багасгах гэсэн сайхан амлалт бүхий «Адиль» либерал намын лидер Сиди Ульд Шейх Абдаллахи берберийн элитүүдийн хүчтэй эсэргүүцлийг давж, ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Тэрээр боолын хөдөлмөр ашигласан этгээдийг 10 жилээр шоронд хорих, 2-4 мянган доллараар (мавританы хэмжүүрээр энэ нь асар их мөнгө) торгох зэрэг хууль санаачилсан нь батлагджээ. Гэвч дахиад л цаасан дээр үлдсэн байна. Боолчуудаа алдахыг хүсээгүй сурвалжит язгууртнуудын турхирсан бослого хөдөлгөөн эхэлж, дахиад л төрийн эргэлт гарлаа. Энэ удаа засаг цэргийнхний хатуу гарт оров. Дээрх хуулийг зүгээр л мартаж орхижээ. Ямар ч байсан боол эзэмшигч нэг ч хүн хариуцлага хүлээсэнгүй. Де-факто боолын ёс дахиад л хүлээн зөвшөөрөгдөх нь тэр.


Сонирхолтой нь, боолчууд өөрсдөө ч эрх чөлөөтэй болохыг тэгтлээ их хүсэн дурладаггүй бололтой. Эцэг эх, эмээ өвөө, элэнц хуланц нь энэ гэр бүлд зүтгэж байсан гэдэг л тэднийг дасаж сурсан газарт нь хаддаг байж магадгүй юм. Түүнээс гадна эзний таалалд нийцүүлэн үйлчилснээр үхсэн хойноо диваажинд очих болно гэж үнэхээр итгэдэг аж. (Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд Том авгын синдром гэж нэрлэдэг) Ихэнх тохиолдолд боолчууд ерөөсөө л очих газар, оочих аягагүй байдаг аж. Эзэнгүй болсон боол амь зуухад хүндрэлтэй: тосгонд очиж хөлсний ажил хийнэ гэвэл бүтэхгүй, тэнд өөрийн нь боолчууд хангалттай, ядуу малчид, тариачид бусдад хөлс төлөх байтугай, өөрсдөө чадан ядан амьдардаг. Хүн амын 40% нь нэн ядуу, 30% нь ажилгүй энэ оронд эрх чөлөөний үнэ өлсгөлөнгөөр үхэхтэй дүйцэх биз. Иймээс олон боол заяа тавилантайгаа эвлэрч, эрх чөлөөг эсэргүүцдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих