Үндэсний бөхийн барилдаан уу, өргөн хэмжээний “шоу” үзүүлбэр үү
Эрт үеэс улбаатай монгол үндэсний эрийн гурван наадам өнөө үед улам бүр утгаа алдах боллоо. Сурын харвааны хувьд эмэгтэйчүүд оролцдогыг эс тооцвол элдэв хэл амгүй зохион байгуулагддаг гэж хэлж болмоор.
Харин эрийн гурван наадамын гол хоёр төрөл болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан нь өнөө цагт баяр цэнгэл наадмын утгаа алдаж эхлэлээ. Хурдан морьдын уралдааны хувьд улс төрч голдуу баян чинээлэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хурдан адууг үнэ “цохиж” аваад, элдэв эм тариа, допинг хэрэглэн хурдлуулах нэрийдлээр “галзууруулж” байна. Дээр нь эрлийз, монгол адууг ялгаж чадахаа байсан. Энэ жилийн баяр наадмаар түрүүлсэн азаргыг комиссын шийдвэрээр “эрлийз” гээд уралдаанаас хассан байтал хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын дарга нь өөрөө “тушаал” гаргаж уралдуулсан гэх яриа ч бас байна.
Бөхийн тухайд ярих зүйл цөөнгүй бий. Жил бүр начны найраа болдог тухай амнаас ам дамжин яригддаг. Үүнийг Бөхийн холбооноос таслан зогсоохоор энэ жилийн хувьд засуулуудыг камержуулна гэсэн ч тэгсэнгүй. Улсын арслан Мөнхбаатар засуулынхаа утсаар яриуд дараа нь -ын даваанд амны бөхдөө өвдөг шороодож, найраанд орсоныг хэн хүнгүй хэлэх юм билээ. Түүний утсаар ярьж байгааг зарим хүмүүс начны найрааны тохирсон мөнгөө дансанд орсноо шалгасан байх гэж хошигносон.Энэ жилийн хувьд 7 улсын начин цолтон шинээр төрсний 1-ээс нь бусдыг бүгдийг нь найрааны начин гэж наадамчид ярьж байна. Ингээд бодохоор бид наадам үзэх биш урьдаас бэлтгэгдсэн “шоу” үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт үздэг болоод багагүй хугацааг үдэж байна. Улсын баяр наадмын бөхийн цолны найраа цэнгэлдэхээс халиад аймаг, сумын цол авахад хүртэл хамаардаг болсон гэнэ билээ. Сумын начин цолыг 0.5-1.0 сая төгрөгөөр, сумын заан цолыг 1-1.5 сая төгрөгөөр, аймгийн начин цолыг 5.0-10.0 сая төгрөгөөр гэх мэтчилэн цол дээшлэх тутам мөнгөний тоо нь өссөөр 150.0-300.0 саяаар улсын начин цол “авч” болдог тухай яриа олон нийтийн дунд амаас ам дамжин яригдсаар байна.
Тэгж байтал бөхийн барилдаан нь зодолдоон болох шахах нь энүүхэнд. Өчигдөрхөн болоод өнгөрсөн Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд зодоглосон бөхчүүдээс шөвгийн дөрөвт барилдсан Улсын арслан Н.Батсуурь, учраа бөх Улсын харцага Б.Пүрэвсайханыг шанаадаж, боксын спортоор бол “ко” буюу унатал нь цохьсон бичлэгүүд сошиал медиагаар тараад байна.
Зарим хүмүүс Н.Батсуурийг буруушаахдаа түүний аав Улсын начин Намсрайжавыг 3 жилийн өмнө ажлаа хийж явсан цагдаагийн ажилтныг зодсон бичлэгийг гарган эвлүүлэн тавьж, “Аав хүү хоёр зодоончин” хэмээсэн байна.
Н.Батсуурь арслан ноднин жилийн наадмаар түрүүлэхдээ улсын заан Санжаадамбыг “жавьждах” мэхээр давж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан бол энэ жил төрөлх Увс аймгийнхаа наадамд Улсын харцагыг цохиж унагалаа.
Энэ мэтийн эрээ цээргүй, ёс жудаггүй, үзэг олныг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байгаа бөхчүүдэд холбогдох газраас нь олигтойхон хариуцлага тооцон барилдах эрхийг нь хэдэн сараар биш, жил дамжуулан хасдаг тогтолцоотой болохгүй бол тун удахгүй наадмын зүлэг ногоон дэвжээ цолны найрааны шоу үзүүлбэрээс хальж цус асгарсан зодооны талбар болж мэдэхээр байна.
Ц.Мөнх
URL: