Нуурын эрэг нарантуул захыг санагдуулсны цаад учир начир
Энэ зун Хөвсгөлд урд хожид үзэгдээгүй явдал болж дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагдав. Олон нийтийн сүлжээгээр элдэв хошигнол, сайрхал, хөөрөл бүхий мэдээллүүд хөврөх агаад нэгэн аялагч “Нуурын эрэг дээр байна уу, Нарантуул зах дээр байна уу мэдэгдэхээ болилоо. Энд олон жил уулзаагүй хүмүүс уулзалдаж байна, өртэй хүмүүс баригдаж баларч байна” гэж бичсэн нь хамгийн товч тодорхой илэрхийлэл боллоо.
Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө татаж, “ Чингис” бонд гаргасан мөчөөс хойш сайн гэхээсээ муу давамгайлсан хар мэдээллүүд хөврөх болсон. Улсаа өрөнд унагалаа л гэна, шал утгагүй зүйлд хөрөнгө орууллаа л гэнэ. Монголын ирээдүйг баллаж, бондын мөнгийг салхинд хийсгэсэн гэх зэрэг олон буруутгалыг нэгмөсөн няцаасан үйл явдлыг бид хараахан анзаарч эргэцүүлж амжаагүй байна.
Үнэндээ бол”хараал идсэн” бонд л хар мянган хүнийг Хөвсгөлийн эрэгт авааччихсан юм. Чингис бондын хөрөнгөнөөс 797 тэрбум төгрөгийг орон нутгийн авто замыг хатуу хучилттай болгоход зориулж, энэ хөрөнгөөр 1513 км хатуу хучилттай зам тавигдсаны нэгээхэн хэсэг нь Мөрөн-Тариалан чиглэлийн 165.3 км аам билээ. 80.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавигдсан энэ зам аялагчдын сэтгэхүйд байсан асар том саадыг авч хаяснаар Хөвсгөл тийш зүглэх ардын зам шуударчээ.
Албан бус тооцоогоор 42000 гаруй дотоодын аялагчид наадмын өдрүүдээр тийш зүглэсэн гэнэ. Аймгийн захиргааны гаргасан тооцоогоор бол аялагчдын тоо 70000 орчимд хүрсэн байна. Аялал жуулчлалын албаныхны мэдээллээр бол долоодугаар сарын 5-16 -ны өдрүүдэд бүртгэлтэй гадаадын жуулчдаас 30000 нь Хөвсгөлд очсон гэнэ. Тэгэхээр аялагчдын тоо улам ихсэж таарах гээд байна.
Улаанбаатараас ирэх зам саадгүй болсон ч Хатгал орчимд машины түгжрээ үүссэн нь хөдөөгийнхөнд хотын явдлыг бодитоор ойлгуулах үзүүлбэр болов. Замаар нэвтрэх машинуудаас хураамж авдаг ажилтнууд хэд хэдээрээ эгнэн зогсож, мөнгө хураагаад ч амжихгүй, түгжрэл үүсгэсэн гэдгээс үүдээд Хөвсгөлийнхний олсон мөнгийг багцаалдан тооцоолох хүсэл төрөв. Яс тоо гарахгүй нь мэдээж. Орлогыг хамгийн багаар тооцох гэж оролдоно.
Тэгэхээр наадмын таван өдөрт 42 мянган аялагч Хөвсгөл нуурын эрэг дээр очсон гэж суурь тоогоо авъя. Дөрвөн хүн нэг машинд суусан гэж үзье. 10 сая 500 мянган төгрөг замын хураамж хэлбэрээр наадмын өдрүүдэд олсноор Хөвсгөлийнхний орлого эхлэнэ. Улаанбаатараас Мөрөн хүртэл 785 километр, цааш нь Мөрөнгөөс Хатгал тосгон хүртэл 110 километр гэхээр 10 мянган машин бензин худалдан авснаар ШТС-уудад хэдий хэмжээний орлого оруулсан байх вэ. Хатгалд АИ92 бензин литр нь 1900 төгрөг байсан гэнэ. нэг машин 300 мянган төгрөгийн бензин дунджаар авсан байх магадлалтай ажээ.
Мөрөнд 1100 төгрөгөөр зарж байсан цайны хийц Хатгалд 3000 төгрөг хүрсэн гэх мэдээлэлд тулгуурлан тооцвол өглөөний цайнаас 31 сая 500 мянган төгрөгийг өдөрт олсон байх нь. Наадам таван өдөр үргэлжилсэн гэхээр 157 сая 500 мянган төгрөгийг цайны борлуулалтаас олчихсон бололтой. Энэ бол жижиглэн худалдаачдын орлогын нэг л үзүүлэлт.
Килограмм махыг 13000 төгрөгөөр зарж байсан гэнэ. Тэгвэл аялагчид оройн хоолондоо багаар бодоход 100 грамм мах идэж байсан гэж бодъё. 273 сая төгрөгийн махыг нуурын эрэг дээр таван өдөрт борлуулсан болж таарч байна.
Нуурын эрэг дээрх жуулчны баазад нэг хоног саатахад 60 мянган төгрөг байснаа 120 мянган төгрөг болж өссөн гэнэ. Нийт жуулчдын дөрөвний нэг нь л жуулчны баазад хоноглосон, дунджаар хоногийн 80 мянган төгрөг төлсөн гэж үзвэл дөрвөн өдөрт гурван тэрбум 520 сая төгрөгийг ор хоногийн орлогоос олжээ.
“Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12 000 төгрөгөөр үнэлсэн” гэх аялагчдын гоншиглолоос багцаалан 42 мянган хүн таван өдөрт ганцхан таваг цуйван идсэн гэвэл цуйванчдын орлого хамгийн багадаа 504 сая төгрөгт хүрч байжээ. “Онцгой”-гийн усны мотоциклиор хорин минут давхиулаад 15 мянган төгрөг аваад байна билээ” гэх сэтгүүлчийн тэмдэглэлээр тооцоо хийхэд онцгойгийнхон цагт 45 мянган төгрөг, ажлын найман цагт 360 мянга, наадмын таван өдөрт нэг усны мотоциклоор нэг сая найман зуун мянган төгрөг олсон байх нь.
Хэдэн усны мотоциклтойг нь мэдэх юм алга.Том хүн 15 мянга, хүүхэд 5000 төгрөгөөр зорчдог Сүхбаатар онгоцны орлогыг аялагчдын талд нь үйлчилсэн гэдгээр тооцвол овоо тоо гарах нь ээ. 21 мянган хүний талыг нь хүүхэд байсан гэж үзэхэд л 200 сая төгрөгийг үйлчилгээнээсээ олсон байж таарна. Тав хоногийн орлого гэхэд муугүй л сонсогдож байгаа юм.
Аялал жуулчлалын компаниуд Хөвсгөлийн аяллын 5 шөнө, 4 өдөр хөтөлбөрөө нэг хүний төлбөр 550 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Аялагчдын дийлэнх нь бадарчилсан, аравны нэг нь л жуулчны компаниар үйлчлүүлсэн гэж тооцвол 4200 аялагч хоёр тэрбум 310 сая төгрөгөөр аялал жуулчлалын салбараа дэмжсэн болж таарна.
Тооцоогоо үргэлжлүүлье. Нутгийн иргэд цаа бугын эврээр хийсэн үзэгнии сав, бэлэг дурсгалын зүйлс, утсан загас, цай, эмийн ургамал тэргүүтнийг аялагчдад ихээр зарж байжээ. 42 мянган хүнээс тавхан мянга нь дунджаар 10 мянган төгрөгөөр тэднээс бараа худалдаж авсан гэж үзвэл нутгийн гар урлалчид, жижиг худалдаачид наадмын тав хоногт 50 сая төгрөгийн орлого олох нь гарцаагүй байжээ.
Цаа бугатай хамт зураг авахуулахад нэг хүн 1000 төгрөг гэсэн үйлчилгээ байж гэнэ. 10 цаа таван өдөрт 20 мянган хүнтэй патиар татуулсан гэж тооцъё. 20 сая төгрөгийг эзэддээ агаараас олж өгчээ, хөөрхийс.
Нутгийн иргэд 69 машинаар үерлэсэн голоор машин чирч гаргахад 10 мянган төгрөг, шаварт суусан машин татахад зургаан мянга гээд нэмэлт орлого ч ихтэй байж. Маш бүдүүн тоймоор тооцоход наадмын тав хоногт Хөвсгөлчүүд багаар бодоход 10 тэрбум төгрөгийг орлого олсон байх бүрэн магадлал бий болжээ гэдэг нь энэ өдрүүдэд тодорхой болов. Хэрвээ аймгийн захиргаа овсгоотой, менежменттэй байгаад жуулчдын урсгалыг тогтвортой татаж, чанартай үйлчилгээ үзүүлж чадвал авто замд зарцуулсан 80 тэрбум төгрөгийг нэг зун л олчих шинжтэй юм. Энэ бүхнийг тоочих, дурдахын учир нь “зам дагаж хөгжил ирдэг” гэдэг юутай үнэн гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
“Чингис” бондын хөрөнгийг хөгжилд зарцуулж чаджээ гэсэн ганцхан дүгнэлтийг эндээс хийнэ. Бондын мөнгө салхинд хийсээгүй байна, бодит үр дүн өгч байна. Орон нутгийнхан зам дагаж ирсэн хөгжлийг олигтойхон ашиглаж чадсан эсэх нь бол тусдаа асуудал байх.
Г.Мөнгөнчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: