Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны зургадугаар сарын 02-13-нд Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцжээ.
Ажлын хэсэг аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрүүдийг хянан үзэхэд хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлсэн, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зохицуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохицуулж байгаа нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэр гаргах явц ил тод нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулж цаашлаад ашиг сонирхлын зөрчил бүхий дутагдал илэрсэн байна. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчиж байна хэмээн үзжээ. Иймд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолуудыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг шийдвэрүүдийн хамт энэ оны 08 дугаар сарын 20-ны дотор тус газарт ирүүлэхийг албан бичгээр мэдэгджээ.
Ч.Ариунболд montsame
URL: