Шалдан хүүхэн харсан охин насаараа хэлгүй болов

1970-аад оны дундуур Төв аймгийн Батсүмбэр сумаас нутаг сэлгэж, Атарын сангийн аж ахуйд нэгэн айл халуун ам бүлээрээ нүүж ирээд төвхнөжээ. Тэднийхийг З.Зундуйнх гэдэг бөгөөд гарын таван хуруу шиг өв тэгш сайхан таван хүүхэдтэй юмсанж. Том нь хүү бөгөөд аав, ээжийгээ дагаж мал дээр гарсан бол дүү нар нь ерөнхий боловсролын дунд сургуульд сурагчид байжээ. Харин хамгийн бага охин дүү нь таван настай балчир бөгөөд сургуульд суухад хоёр жил дутуу байж. Ах, эгч нар нь сургуулийн дотуур байранд байдаг бөгөөд өвөл, зуны амралтаараа аав, ээждээ дээрээ ирж тус дэм болдог байжээ.

З.Зундуйнх өвөл, намартаа өвсний сөл дагаж нутгийнхнаас холоо нутагладаг, ер нь айл амьтантай тийм ч нэг сайн дотно саахалт биш явдаг, өөрөөр хэлбэл их зожигдуу айл байжээ. Харин хүүхдүүд нь хээр гадаа малаа эргүүлж явахдаа хүүхдийн сониуч зангаар айл хэсдэг тийм хүүхдүүд юмсанж. Нэгэн удаа хоёр том нь хонио эргүүлж яваад нутагтаа худалч нэртэй Хундгай гэж айлд саатаж өдрийн цай уужээ. Гэрийн эзэн, эзэгтэй яриа хөөрөө сайтай хоёр хүүхдийг том хүн ирсэн дайны бодож, янзан бүрийн зүйл асуун чалчиж сууж байхдаа “Танайх чинь манай нутгийнхны сэжиглэж, сүжиглээд байдаг газарт буудалжээ.
d073e49d859d6278big
Тэнд өвс ногоо сайхан ургадаг ч Бор дэнжийн цаад ганга хавьцаа гүйдэлтэй гээд манай нутгийнхан хавьтдаггүй юм. Танайх мэдэхгүй болохоор яаж мэдэх үү дээ, орой үдэш юм үзэгддэг юм гээд “худалч” Хундгай хоёр хүүхдийг айж ичтэл баахан юм ярьсаар байгаад явуулчихжээ. Намрын улирал байсан учир хоёр хүү Хундгайгаас сонссон зүйлдээ жаахан жийрхэж, харуй бүрий тасрахаас өмнө хонио тоос манаруулан хурдан хурдлан туусаар хотондоо ирэхэд аав нь хүүхдүүдээ ихэд зэмлэж, намрын тарган малын тос өөхийг хайлуулан ингэж тууж ирлээ та хоёр гээд үгийн зөрүүгүй загнаж, дунд бандиа сураар ороолгоод авчээ. Дүү ч дуугай л гэртээ орж. Харин ах Баянхүү нь аавтайгаа шон дээр ярилцаж суухдаа Хундгайн ярьсан бүгдийг аавдаа сонирхуулж хэлсэн ч нь Зундуй “Аан, цсс. Тэр нэртэй худалч өвгөн та хоёрыг л айлгах гэж элдэв балай юм яриа байлгүй. Хэн ч нүүдэллэж нутаглаж яваа газар орноо муу муухайгаар бодож сэтгэлдээ сэв суулгаж явдаггүй юм аа. Тиймээс хишиг буянаа өгч байгаа энэ Сайрын дэнжийг миний хүүхдүүд сайхнаар бодож яваарай. Мал тарга тэвээрэг аваад сайхан өгөөжөө өгч байгаа шүү дээ” гэсээр шон дээрхи морио чөдөрлөөд аав, хүү хоёр гэртээ оржээ.

Ер нь шөнийн цагаар ноход нь боргож, байнга хуцаж хонодогийг гэрийн эзэд мэднэ. Хээрийн гайхал л явахаар ноход боргодог байх гээд хэнэггүй З.Зундуй тоодоггүй байжээ. Нэгэн удаа хонио хоёр тасдуулсан З.Зундуй хэсэг малаа хотлуулчихаад том хүүгээ дагуулаад тал хонио хайхаар дов довцог тойроод хайгаад байжээ. Гэтэл аав, хүү хоёрт хачирхалтай зүйл тохиолдсон гэнэ, малынх нь бараа харагдсан бүр цаашаа яваад байсан гэнэ. Гэтэл гэнэт мал нь бараа сураггүй алга болжээ. Аав, хүү хоёр хэрэг бишдэв, одоо орхиё. Гэрийн зүг явъя, маргааш гэгээ гэрэлтэйд хайя даа гэж ярилцаад эргэтэл урд нь сар шиг мэлтийсэн тал дээгүүр хоёр гурван том нүүгэлтсэн хар юм нэг нийлж, нэг салаад л тэр хоёр руу дөхөж яваа харагдав. Мал гэхэд том, машин гэхэд жижиг тэгсэн хэрнээ ямар ч чимээ аниргүй нааш дөхөж явсаар харагдав. Хүүгээ айлгаж, ичээхгүй гэсэндээ З.Зундуй айдсаа дотроо нууж “Эр бор харцага” уртын дууг цангинатал дуулж явахдаа аман дотроо дэмий л мэддэг мэгзэм, тарниа үргэлж уншсаар хавийн хөлс чийхалдаж, ичиж ичсээр арайхийж гэртээ орж ирээд тайвширсан гэдэг. Гэр бүлийнхнийгээ айлгахгүй гэсэндээ “Хундгайн ярьсан зүйл бараг үнэн байх нь дээ. Удалгүй энэ газраас нүүж өөр газар оторлоно доо” гэж бодсоор орондоо оржээ.

Гэтэл шөнө нь том хүү нь хар дар зүүдэлж, орилж хашгиран халуурч бүлээрч хоножээ. Арга мухардсан аав, ээж хоёр дэмий л арц, хүжээр хүүгээ ариулж, рашаанаар амсуулж, нүүр гарыг нь угаалгажээ. Тэгсэн ч хүү нь дээрдэхгүй элий балай мэт орилж хашгирдаг болж. Тиймээс ээж нь хүүгээ аваад Нийслэлд ирж мундаг лам хараар явсаар хүүгээ эргүүлээд хэвийн болгож авчээ. Ингээд гэртээ ирээд удаагүй байтал хүүхдүүд нь хичээл номондоо явж, Зундуй эхнэр, том хүү, бага охинтойгоо үлджээ. Намар хадлан тариа хураах цаг болж тэднийх жижиг гэрээ голоос хөдөөлжээ. Их л өвстэй сөлтэй сайхан газар өвлийн хадлангаа бараг өдөр, шөнөгүй хадаж ард хоцорсон мал хуйндаа санаа тавьж яарч сандарсан л хүмүүс байж. Хадлангаа хураах сүүлчийн өдөр ээж нь бага охиноо дагуулаад хадлан хаддаг баатар болоод гэрээсээ холгүйхэн хадуур ишээ бариад явжээ. Таван настай бяцхан охин ээжээсээ хоцорч энд тэндхийн чулуу цэцэг сонирхож, түүгээрээ тоглож явахдаа их өвсөн дотор орж, багагүй айж сандран ээжийгээ эрэн хайн хашгирчээ.

Ээж нь ч холгүй байсан болохоор “Миний охион, ээж нь энд байна. Наашаа, энд байна” хэмээн хариу дуудаж хадлангаа хадсаар байж. Ээжийнхээ чимээг сонссон охин нь удалгүй муухай хашгираад уйлаан майлаан болоход ээж нь хар хурдаараа охиныхоо байгаа зүг гүйтэл өвсөн дотроос шалдан урт хар үстэй хүүхэн эргэн эргэн харсаар цааш гүйжээ. Ийм зүйл харсан ээжийнх нь зүрх амаар гарчих шахам айхдаа ухаан алдсан охиноо тэврээд л учиргүй уйлсаар гэртээ гүйж иржээ. Ижий нь хүртэл харсан, үзсэн сүг сүүдэр шиг муухай хүүхнийг ээрч мууран байж арайхийн хэлж ойлгуулж гэнэ. Харин эл явдлаас хойш охин нь бүр хэлгүй болжээ. Ийнхүү хэлгүй болсон охин өдгөө 40 насны босго дөхөж яваа ганц бие эмэгтэй гэнэ. Тэр явдлаас хойш удалгүй З.Зундуй бурханы оронд одож, тэрнээс хойш ээжийгээ харж асарч үлдсэн хэлгүй охин нь дөрвөн жилийн өмнө ээжийгээ мөн л бурханы оронд үджээ.

Хожим тэр охин ах, эгч нартаа хүүхэд ахуйдаа тааралдсан явдлаа ойлгуулж дүрсэлж хэлэхдээ “Миний хажуу талд ямар ч хувцасгүй шав шалдан эмэгтэй хүн хэвтэж байсныг би хараагүй тоглоод дуулаад байсан юм билээ. Би ээжээсээ холдсон нь туйлын буруу. Тэгээд ч ээж бид хоёртой тэр муухай хүүхэн тааралдах нь тодорхой байсан байх. Үнэндээ тэрийг хараад л би шоконд орчихсон юм ш дээ” гэжээ. Уг нь их сэргэлэн, адтай, дуу хууранд дуртай, шүлэг их мэддэг, ах эгч нартаа үлгэр ярьж өгдөг охин байжээ. Ийнхүү ер бусын муухай эмэгтэй хүний сүнс сүүдэртэй таарч насаараа хэлгүй болсон охин дүүгээ өрөвдсөн ах, эгч нар нь аль сайн мундаг гэсэн эмч домч, лам хуврагаар яваад ч хэлтэй болгож чадаагүй гэж нэг эгч нь ярьсан юм. Түүнээс ухаан санаа, үйлдэл гээд бүх зүйл нь эрүүл, тэдэн дотроо хамгийн ажилсаг, сэтгэл сайтай нэгэн, ээжийнхээ хажууд бүх насаараа байсан бөгөөд ээжтэйгээ амь нэг, сүрхий охин болохоор одоо гал голомтоо сахиж гэртээ ганцаараа байдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/62822.shtml#sthash.afoBa32n.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих