Б.Хурцын хурц шийдвэр
Манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг хоёр шатны шүүхийн шийдвэрээр англичууд Германы талд шилжүүлэхээр болсон. Ингэснээр манай улсын зүгээс Английн дээд шатны шүүхэд хандахаа албан ёсоор мэдэгдээд байв.
Гэтэл Б.Хурц өмгөөлөгчөөрөө дамжуулан дээд шатны шүүхэд хандахгүй гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Б.Хурц Герман улсын шүүхийг өөрөө сонгосон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байв. Гэхдээ энэ ямар учиртай юм бол. Б.Хурц Англи улсад жил орчим саатуулагдаад бачимдахдаа ийм шийдвэр гаргасан уу, эсвэл түүний хувьд алсыг харсан шийдвэр байсан уу. Үүнийг хэлэх хүн байхгүй л байна.
Манай улсын Эрүүгийн хуулиар бол гэмт хэргийг бусдын захиалгаар үйлдсэн бол хэргийг захиалсан хүнд илүү ял ногдуулдаг. Хэрэв энэ зарчмаар явбал Б.Хурц хөнгөн ялтай үлдэж магадгүй л юм. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар Д.Энхбатыг Б.Хурц бусдын захиалгаар Францаас хулгайлж ирсэн нь тодорхой болоод байгаа. Харин үүнийг хурдан түргэн шийдүүлэх гэж Б.Хурц ийм шийдвэр гаргасан юм болов уу.
Гэтэл Гадаад харилцааны яамныхан түүний энэ шийдвэрийг хүлээж байсан юм шиг хэвлэлээр “Б.Хурц давж заалдах шүүх хурлын шийдвэр гаргасны дараа өмгөөлөгчөөрөө дамжуулан дээд шатны шүүхэд хандахгүй гэдгээ хэлсэн. Энэ шийдвэр биднээс хол хөндий гарсан” гэхчлэн ярих хэрнээ Германы шүүхэд хэрэг шилжиж очоод юу болох талаар бодитой хариулт өгсөнгүй. Өнгөрсөн оны есдүгээр сард Б.Хурцыг Англид баривчлахад цаашид хэрхэх талаар мөн л ийм тодорхойгүй хариулт хэлж байсан.
Тэгэхээр Германы шүүх Б.Хурцад хүн хулгайлсан хэргээр хуулийн дээд ял ногдуулахад Гадаад харилцааны яамныхан “Биднээс үл шалтгаалан Германы шүүхээс гаргасан шийдвэр” гэж ярих
хэрэг үү. Тиймгүй бол манай улс Германы шүүх дээр улсынхаа нууцыг задлах шахалтад ороод ч байх шиг.
Учир нь Герман улсаас Д.Энхбатыг Б.Хурц баривчилж ирсэн нь өнөө хэр улсын нууцад хамаарагдаж байгаа бөгөөд тухай үед төрийн удирдлагад байсан эрхмүүдийн нэг нь энэ ажлыг даатгасан нь олны салхинаас цухалзаад байгаа. Гэтэл төрийн нууцын задлахын тулд холбогдох хуульд “Төрийн нууцыг ил болгохдоо тухайн нууцыг УИХ-ын шийдвэрээр төрийн хамгаалалтад гаргах бөгөөд Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Ерөнхийлөгчийн шийдвэрээр тухайн нууцыг ил болгоно” гэсэн утгатай зүйлийг тусгажээ. Харин манайхан Б.Хурцын төлөө ингэж хөдлөх үү, үгүй юу гэдэг нь сонин байна.
Д.Сүхбаатар
URL: