Монгол Улс дэлхий нийтэд үнэгүйдэх магадлалтай болчихлоо
Засгийн газрын танхим сүүлийн үед гүйдэлтэй болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга “харуулд” гарах болсон гэнэ.
Бараг бэлэн болоод байсан Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн гэрээнээс үг, өгүүлбэр гэнэт алга болж, сүнс сүүдэр нь “дээрэм тонуул” хийгээд хүчрэгдэхээ байсан юм байх. Хамгийн сүүлд гэхэд л, Цанхийн баруун хэсэгт эзэн бие нь тодорхойгүй 10 хувийг эзэмших эрхтэй Монголын тал хаанаас ч юм гарч ирээд сонгон шалгаруулалтад бүр ялчихсан гэнэ үү.
Тиймээс л улс төрийн намуудын төлөөлөлтэй үндэсний гэх тодотголтой зөвлөлийнхний дунд томоохон үл ойлголцол гарсан мэдээтэй. Үүнийг нь ч баттай эх сурвалж хэлж байна. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх энэ том байгууллагын гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ажилладаг. Зарим нэг онцгой үүргийн албан тушаалтан зөвлөхийн үүрэгтэйгээр үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй байдаг. Тэгэхээр нэг ёсны Засгийн газраас боловсруулсан Тавантолгойн баруун Цанхийн хэсэгт ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй байна гэсэн үг.
Яагаад гэвэл зөвлөлийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Гэхдээ энэ нь үзэгдэх байдлаараа шүү дээ. Харин “хөшигний цаана” зөвлөлийн дарга баруун, зүүн гарын зөвлөхүүдээрээ дамжуулж, тодруулга хийх шаардлага тавихын зэрэгцээ Тавантолгойн тендерийг задлах гарцаагүй нөхцөл байдал үүсгэх үүрэг ногдуулжээ. Тиймдээ ч сүүлийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Б.Алтан-Очир тэргүүтэй албан тушаалтнууд баруун, солгойгүй эл сэдвээр зоригтой дуугарах болсон нь ийм учиртай байжээ.
Тэгэхээр бодит байдал дээр үүсээд буй нөхцөлийг хоёр талаас нь авч үзвэл эцсийн дүнд Ерөнхийлөгч хүчтэй юү, эсвэл Ерөнхий сайд уу гэх асуулт л гарч байна. Түүнээс та бидний ойлгодогчлон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тийм ч, нөлөөтэй биш болж таарч байгаа юм. Харин албаны хүмүүсийн хэлэх “Зөвлөлийн шийдвэр хамгийн чухал” гэдэг нь зүгээр л эрх мэдэлтнүүдийн жижүүрийн хариулт.
Ямартай ч Ерөнхий сайдын ард парламент дахь МАН-ын бүлгийн торгон “цэрэг”-үүд намын Удирдах зөвлөлийн тушаал хүлээн буу, сумаа зэхэж сууна. Тэгээд ч УИХ-д хэн нь олонх билээ. Хэрвээ тэдэнд эл асуудлыг эцэслэх шаардлага гарвал хэдийд ч УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах боломж нь нээлттэй. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга бөгөөд УИХ-ын дарга ээлжит бус зарлахыг Тамгын газрын даргад мэдэгдлээ, хуралдлаа л биз дээ.
Түүнчлэн гишүүдийн ирц хүрэхгүйн зовлон байх биш. Ардын намын бүлгийн гишүүд бултаараа суухад л ирцийн асуудал “ОК” болно. Нөгөөтэйгүүр, зөвлөлөөс өгсөн санал зөвлөмжийг Тавантолгойн баруун Цанхийг хариуцан ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахдаа ажлын хэсэг огтхон ч харгалзаж үзээгүй нь хэний хүч байсан гэдэг нь ойлгомжтой. Мөн Ардын намынхан Тавантолгойн их үүцийг АНУ, Хятад, Орос улсад задлах сонголт хийсэн нь хамгийн сонирхолтой. Бас Ардчилсан намын тухайд Япон, Солонгосыг онцолж буй нь бүр ч сонин…
Гэхдээ эцсийн бүлэгт хамгийн гол нь дэлхий нийтэд Монгол Улс үнэгүйдэж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Учир нь өнгөрөгч арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Токио хотноо албан ёсны айлчлал хийхдээ “Манай улс үнэхээр гайхамшигтай. Бидэнд газар доорх шавхагдашгүй их баялаг байна. Харин танай орон бол дэлхийд тэргүүлэх техник, технологийн ололттой улс билээ. Тиймээс манай хоёр орны эдгээр давуу талуудыг нийлүүлбэл, Монгол Улсын уул уурхайн салбар дахь хөгжил улам дээшлэх болно” хэмээн мэдэгдсэн.
Гэхдээ тэрбээр эл үгийг тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр бус, улс орны жолоог удирдаж яваа эрхмүүдийн захиас юугаар хэлсэн нь ойлгомжтой. Учир нь төрийн гурван өндөрлөг төдийгүй УИХ-ын гишүүд аливаа улсад айлчлахдаа түмэн захиас тээдэг билээ. Тэгээд ч дэлхий даяараа манай улсыг Тавантолгойн орд газраа ямар улстай түншилж, эдийн засгийн эргэлтэд оруулах бол гэсэн түмэн хүлээлттэй байгаа нь гадны улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээс ажиглагддаг.
Тэгэхээр хамгийн чухал нь Ерөнхийлөгчийн тухайн үед хэлсэн үг бол Монгол Улсын байр суурь хэмээн дэлхий нийт хүлээж авахаас, Ц.Элбэгдорж хэмээх хувь хүнээр утгачилахгүй нь л бодит үнэн. Түүнчлэн Японы тал ч энэ тохиолдолд “Танай Ерөнхийлөгч тэгж хэлээ биз дээ” хэмээн шахалт үзүүлэхээ мартсангүй. Энэ нь ч аргагүй. Түүгээр зогсохгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч манай улсад энэ сарын 20-нд албан ёсны айлчлал хийх билээ. Тэрбээр энэ үеэрээ дээрх асуудлыг хөндөн ам асуухыг тааварлах аргагүй.
Тэгээд ч айлчлалын гол асуудлуудын нэгд манай уул уурхайн салбарын тухай хөндөгдөх нь л үнэн. Мөн Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч хаврын чуулганы үеэр тус улсад айлчлах үеэрээ төмөр замын салбарт хөрөнгө оруулах саналыг нь уриалгахан гэгч нь зөвшөөрч, санхүүжилт өгөх гэрээнд гарын үсэг зурчихсан гэж байгаа. Уг нь зүй ёсоороо бол хаврын чуулган завсарлахаас өмнөхөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг хальт хэлэлцсэн болоод өнгөрсөн.
Тэгэхэд л эл төсөлд Хятад, АНУ, Монгол, Оросын хамтарсан консорциум орохоор болж, хувь хэмжээг нь тогтоосон талаар мэдэгдэж байсан. Харин Ардчилсан намын нэр бүхий гишүүд Солонгос, Японыг хасчихсан юм уу гэх асуудлыг тавихад “Дээрх хоёр улсын хөрөнгө оруулагчид Оростой нэг консорциум болсон. Оросууд нөгөө хоёр талтайгаа ярьсан, тохирсон зүйл бий“ хэмээгээд өнгөрсөн ч өдгөө ийм нөхцөл байдал үүсээд буй.
Тэгэхээр МАН-ынхан тагнаг нийлүүлж, Ардчилсан намын нөхдүүдээ “хөөрхөн” дөнгөчихсөн юм биш үү. Харин ээлжит бус чуулган хуралдаж, эл асуудлыг дэлгэх үед Засгийн газрын гишүүд УИХ болоод Ерөнхийлөгч, олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө энэ шийдвэрээ хэрхэн зөвтгөх нь сонирхолтой л юм.
О.Мөрөн http://www.niigmiintoli.mn/
URL: