Найр наадмаа зогсооё, Э.Бат-Үүл дарга
Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Хүй долоон худагт Даншиг буюу Бат оршил өргөх наадам зохион байгуулж, энэ үеэр бөхчүүдэд шинээр цол олгох болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэхүү наадамд чухам яагаад цол олгох гэж буй талаараа Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл хэвлэлд ярьжээ. Тэрээр “Бид тал талаасаа зөвлөж, ажлын хэсэг дээр нэлээд сайн ярилцсан. Та бүхэн мэднэ, долоон хошуу даншгийн арслан, заан гэж цолтой явж ирсэн. Тэгэхээр энэ тогтсон уламжлалаа бид сэргээе гэж байгаа юм. Ер нь цол олгох үйл ажиллагаа даншиг наадмаас эхтэй тул бид ярилцаад үүнийг зориуд хийхээр болсон. Бөхийн холбоо нэг юм буруу ойлгоод байна. 1990 оноос хойш бид ардчилсан улс орон болсон. Яг үнэнийг хэлэхэд шашны үйл ажиллагаагаа хойш тавьж явсан энэ зүйл зогсож, өнөөдөр шударга ёс эхэлж байна гэж болно. Үүнтэй зэрэгцээд даншиг наадмын ёсыг яг тэр даншиг наадмынх нь ёсоор л явуулна. Төрийн наадмын цол гэдэг бол тусдаа асуудал. Ерөнхийлөгч олгоод бөхийн холбоо нь зохицуулаад явдаг зүйл. Даншиг наадам гэдэг бол бас тусдаа өөрийнхөө цолыг олгоод явна. Та бүхэн бодоод үз. Аймгийн цолууд ч олгогддог биз дээ. Даншиг наадам гэдэг уламжлалыг сэргээж байгаа нь сайн зүйл юм” хэмээн хэлжээ.
Монголчууд бидэнд өнөөдөр баяр наадам ихэдсэн үү гэхээс лав л багадаагүй. Ирэх жил хатуухан жил болох төлөвтэй байгааг хаа хаанаа хэлж, ярьж байгаа. Гэтэл нийслэлийнхээ өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, иргэдийнхээ амьжиргааны түвшинд юун түрүүнд санаа тавьж байх ёстой Нийслэлийн Засаг дарга маань ийнхүү бас нэгэн наадам зохиохоор шийдчихсэн тууж явна. Өв уламжлалаа сэргээнэ, хадгална, үр хойчдоо өвлүүлж үлдээнэ гэдэг мэдээж сайн хэрэг. Гэхдээ чухам ямар зүйлийг нь сэргээх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Өнөөдрийн бидэнд Даншигийн наадмыг сэргээх ямар хэрэг байна. Зарим нэгэн зүйлийг түүхэнд даатгаад үлдээх ёстой. Харин үүнийхээ оронд Өндөр гэгээнийхээ ойг аятайхан шиг тэмдэглээд олон улсад манайд ийм сайхан хүн байлаа шүү, одоо болтол гайхамшигт бүтээлүүд нь хадгалагдсаар байна. Ирэх жилүүдэд ирж үзээрэй гээд дэлхий нийтэд хандсан бол болох мэт. Тэртээ тэргүй Өвөрхангай аймагт бөх барилдуулж, морь уралдуулсан наадмыг нь энэ өдрүүдэд хийх гэж байна. Гэтэл дахин төсөв мөнгө зарлагадан байж үр ашигаар гавихгүй наадам хийх хэрэг байна уу? Эрхэм хотын дарга аа.
Тэгээд ч энэ наадмаараа цол олгоно гэдэг нь ихээхэн маргаантай олон зүйл дагуулна гэдгийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан мөн хэвлэлээр дамжуулан мэдэгдчихсэн байна. Үүндээ тэрээр “Энэ жил сугалаагаар барилдуулж, амжилтад нь цол өгөөд, дараа жил тэр цолоороо цоллож барилдуулах юм гэсэн. Аймгийн цолтой бөх ч түрүүлж болно. Тэгвэл Даншигийн дээд цолыг авах нь ээ дээ. Гэтэл дараа дараагийн Даншиг наадамд улсын аварга, арслан цолтой бөхчүүд уг журмаараа аймгийн цолтой бөхчүүдэд амлуулж барилдах болов уу гэдэг асуудал бас үүсч гарах байх” гэжээ. Үнэхээр ч тийм юм. Цолноос үүдэлтэй маргаан саяхан монгол түмнийг хоёр талцуулсан гэхэд болно. Харин энэ наадмаас хойш бид бүхнийг хорин хэд талцуулах ч асуудал үүсч магадгүй.
Хамгийн гол нь эрхэм дарга аа. Баяр наадам, зугаа цэнгэлээ одоо хойш нь тавиад ирэх сар, жилүүдийг хэрхэн бага хохиролтой давч гарах уу, элгээрээ мөлхөж байгаа эдийн засгаа хэрхэн сэргээж, ард түмнийхээ амьдралд гэрэл гэгээ гаргах вэ гэдгээ бодмоор байна.
Т.АЮУ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ үнэхээр хэрэггүй наадам. хотын удирдлагууд даншиг зохион байгуулах нэрээр сонгууль угтсан шоу хийж, ах дүү хамаатан садангийнхаа компанид хөрөнгө оруулах арга хайж байгаа юм. монгол улс засаг захиргааны хувьд нэгдмэл улс шүү. өвөрхангайд бүтэн 3 өдрийн турш арга хэмжээ зохион байгуулсан атал хотын удирдлага энэ зүйлийг санаачилж байгаа нь үнэхээр олон ашиг сонирхол байгаагийн илрэл гэж бодож байна. хүн бүр шашин шүтэх эрхтэй шүү. одоогийн хотын удирдлага шашны үйл ажиллагаанд эрх тэгш бус хандаж байгаа атлаа ардчилал гэж худлаа хошгирохоо болих хэрэгтэй.