Оюутолгойд роялтийн татвар ногдуулна гэв үү?

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тутамдаа 18 хувийн Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг улсад тушаах даалгаврыг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт авлаа.  Ашиггүй ажилласан ч тус үйлдвэр улсын төсөвт 207.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байна. Учир нь Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварын бусдаасаа ялгарах онцлог нь ашиггүй ажилласан ч төрд энэхүү татвар төлдөгт оршино.

Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар уг нь зэсэнд ногдуулах татварын хэмжээг таван хувиар тооцсон байв. Энэ тохиолдолд улсын нэгдсэн төсөвт 78 тэрбум төгрөг төвлөрнө. Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн дээрх татварын хэмжээ бага байна гэж үзэн, явцын дүнд 15 хувьд хүргэж, улмаар алтан дунджийг  олохыг хичээж, 18 хувьд хүргэжээ. Ер нь ч тэгээд улсын төсвийн орлогыг нөхөж байвал, “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ зэс хайлуулах үйлдвэр байгуулах зорилгоор хөрөнгө хураах хэрэггүй, Монголын баялаг гадаад руу түүхийгээрээ урсах тусмаа сайн бололтой.  Сонгууль дөтөлж байхад монголчууд ядуу байвал ядаж л ходоодоор нь санал авчих бололцоотой. Тиймээс УИХ-ын гишүүн З.Алтайгийн хэлсэнчлэн “Чи юм бүтээж байна уу, чамайг татвараар дарамтална аа. Чи хөөрхий ажил хийхгүй өлсөж байна уу, чамд мөнгө өгнө өө” гэдэг зарчмаар парламент энэхүү хуулийн төсөлд хандав.

Уг нь Гэнэтийн ашгийн татвар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсноор “Эрдэнэт” үйлдвэр түүгээр дамжуулан төрд төлж байсан татварынхаа мөнгийг зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хураахаар төлөвлөж байв.  Ийм үйлдвэртэй болбол Монгол Улс дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч орон болох бололцоо бүрдэж, тэр хэрээр олох ашиг ч өсч, Монголд ашиг нь илүү тусах байв. Нөгөөтэйгүүр, энэхүү татвар үйлчилж эхэлснээр Монгол Улсад “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” ХХК хоёроос өөр зэсийн үйлдвэр ирээдүйд байгуулагдана гэж найдахад бэрх болж буй юм. Учрыг тайлбарлавал, татварын дарамт бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр болж байгаа ажээ. Тухайлбал, Монгол Улс Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг зэсэнд 18 хувиар тогтоосон бол уул уурхай хөгжсөн Чилид өнөөдөр энэ татвар таван хувь. Перуд гурван хувь, харин Австрали улс зэсийн баяжмалдаа таван хувийн татвар тус бүр ногдуулсан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудынхтай харьцуу­лахад манай улсын энэ төрлийн татвар хамгийн өндөрт тооцогдож байгаа болохоор тэр хэрээр  “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд татварын ачаалал 60 хувьд хүрэх урьдчилсан төсөөлөл гарчээ.

Тэгсэн хэрнээ телевизийн камер харж ярихаараа гишүүд нэг их эх орончид. “Монголын газрын баялагийг түүхийгээр нь гаргахаас аль болох зайлсхийлгэх зорилгоор татварын хэмжээг томъёолсон гэх. Тийм л мундаг эдийн засгийн аргачлалаар тэмцэх гээд байгаа юм бол яахаараа Хятад руу өдөр, шөнөгүй 140, 150 тоннын даацтай камаз машинаар нүүрсийг түүхийгээр нь зөөж байхад 5-20 хон хувийн татвар ногдуулах ёстой гэж… Жонш ч ялгаагүй таван хувиас татвар нь эхэлж байна. Монголын газар нутгийг сүйтгэн, хөрсийг нь эргэтэл самарч, жонш, нүүрс олборлочихоод нөхөн сэргээлт ч хийхгүй, байхад шүү.

Тэгээд бас болоогүй ээ, ганц “Эрдэнэт” үйлдвэрийг яллахгүй Оюутолгойн ордод Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг ног­дуулна гэж ам алдаад байгаа. Яг л “Айвенхоу майнз” компани Монгол Улсын Засгийн газартай 30 жилийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан байтлаа 2013 оноос зэсээ гаргаж эхлэнгүүт энэхүү Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг төлнө дөө. Хэлэлцээгээ хийж ч эхлээгүй байж яаж ингэж том ам гарч чадаж байна аа С.Баярцогт сайд аа. “Алтан дорнод Монгол” компанийн захирал И.В.Паушок Монгол Улсын Засгийн газар Гэнэтийн ашгийн татварыг ногдуулсан гэдэг үндэслэлээр Олон улсын арбитрын шүүхэд хандчихсаныг мартаагүй байлтай.  Одоо хэр нь зарга нь эцэслээгүй манай тал уначих гээд л , өдий төдий сая долларыг өмгөөллийн хөлсөнд татварынхны хөлсөө дуслуулж олсон мөнгөөр барагдуулаад л сууж буй.  Үнэхээр хэлэлцээрээ эхлүүлж, энэхүү татварыг Оюутолгойд ногдуулж чадвал ам гарсан сайдыг хоншоортой л эр юм гэж магтая.  Гэхдээ чадахгүй л болов уу даа. Фрийдланд гэдэг бизнесмэн хөрөнгө оруулалтын гэрээнд засвар оруулж Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг PR хийлгүүлэхгүй л байхаа даа.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих