ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОЛОО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:
- Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5 , 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 236911 метр квадрат газар
- Солонго орон сууцны хорооллын ус хангамжийн шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20428 метр квадрат, ариутгах татуургын шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6711 метр квадрат газар
Дээрх инженерийн байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, газрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт үүрэг болгов. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: